Цэс

Холбоо барих

“Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилгоор дамжуулан хангах нь” сэдвээр хуралдлаа

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы III хуралдаан “Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь” сэдвийн хүрээнд боллоо. 


Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Тэрбээр, энэхүү салбар хуралдаанаар Тогтвортой хөгжлийн 3 дугаар зорилт буюу эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, эх, хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэнд, ДОХ болон бэлгийн замын бусад өвчин, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар бүс нутагт тулгараад буй сорилт бэрхшээлүүд болон сүүлийн үеийн ололт амжилтуудын талаар хэлэлцэнэ гэдгийг онцолсон юм. 

Хуралдааны эхний илтгэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн Каори Ишикава тавилаа. Тэрбээр илтгэлдээ, НҮБ-ын Хүн амын сан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад нийгмийн олон бүлэглэлд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд Ази Номхон далайн бүс нутгийн 156 сая охид, эмэгтэйчүүд хамрагдсан гэдэг тоон үзүүлэлт байдаг. Ази Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын талаас илүү хувь нь амьдардаг том  бүс нутаг. Энэхүү бүс нутагт Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж чадвал дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлсэн гэж үзэж болно гэдгийг онцоллоо. 


2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлснээр үр дүнд хүрэхэд ойрхон байна. Тухайлбал, саяхан мэт санагдавч Монгол Улс 1990-ээд оны үед эх, нялхсын эндэгдлийн үзүүлэлт өндөр байсан. Монгол Улс хүн ам цөөтэй, газар нутаг өргөн, уудам учраас хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулахад бэрхшээлтэй байлаа. Гэвч Монгол Улс эх, нялхсын эндэгдлийг бууруулж чадсан төдийгүй өнөөдөр дэлхийн хэмжээнд дундаж түвшинд хүрсэн. Цаашид 2030 он хүртэл 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пунктыг 15-д хүргэж бууруулах зорилтыг тавиад ажиллаж байна. Гэтэл зэвсэгт мөргөлдөөн, ядуурал, эрүүл мэндийн салбар нь төлөвшөөгүй зэрэг шалтгаанаар бүс нутгийн хэмжээнд 12 орны хувьд эхийн эндэгдлийг бууруулах нь хүнд асуудал хэвээр байна гэв. Хатагтай Каори Ишикава илтгэлийнхээ төгсгөлд парламентын гишүүдэд хандан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд 2030 хүртлэх хугацаанд улс төрийн талаас дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.


Дараа нь Вьетнам Улсын Олон нийтийн хөгжлийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал Хуат Тхи Хай Оанх илтгэл тавив. Түүний хувьд илтгэл тавьж байгаа төлөөлөгчдөөс ганцаараа иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж байгаадаа баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Тэрбээр илтгэлдээ, Ази Номхон далайн бүс нутгийн хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хангалттай сайн биш байна. Ялангуяа бүс нутгийн хэмжээнд тодорхой бүлгийн хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ хүрэхгүй байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байна. Тиймээс хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, мөн эрүүл мэндийн салбарын төсвийн захиран зарцуулалтад анхаарлаа хандуулахдаа улс орон бүр санаа тавих нь чухал гэдгийг дурдаад ач холбогдол гэдэг зүйлд төвлөрч чадвал өөрчлөлт гардаг гэдгийг төлөөлөгчдөд зөвлөж байлаа. 


Хуралдаан Индонез Улсын парламентын гишүүн, Тогтвортой хөгжлийн асуудлаарх Дэлхийн парламентын чуулганы дарга  Нурхаяаты Али Ассегаф илтгэлээр үргэлжлэв. Илтгэлд тус улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхдээ нэвтрүүлсэн шинэлэг үйл ажиллагааныхаа талаар дурдсан юм. Тухайлбал, тус улс бүх нийтийн боловсролыг дээшлүүлэхэд улсын төсвийн 30 хувийг зарцуулдаг бөгөөд парламент нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан байна. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд парламентын түвшинд гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай, хүүхдийн эрхийг хамгаалах тухай зэрэг олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн салбарт чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.

Индонезын парламентын гишүүн илтгэлдээ,  Хүн ядуу байлаа ч гэсэн өлсөж, өвдөх ёсгүйг онцлохын зэрэгцээ тус улсын парламент Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртлэх хугацаанд хэрэгжүүлэхдээ  эрүүл мэндийн салбарт ДНБ-ий таван хувийг  төсөвлөхөөр тусгасан гэж байлаа. Индонез улс 267 сая хүн амтай бөгөөд хүн нэг бүрийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын нэгдсэн шинэ системд хамруулж, эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бүх хүнд тэгш, хүртээмжийг үзүүлэхээр ажиллаж байгаагаа дурдлаа. 


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь  сэдвийн хүрээнд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаасаа хуваалцав. 

Салбар хуралдаанд тавьсан илтгэлийн хүрээнд төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж, улс орондоо эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудлаар хийж хэрэгжүүлж үндэсний хөтөлбөр, үр дүнд хүрсэн туршлагаасаа хуваалцсан юм. Төлөөлөгчдийн зүгээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр тухайн улс орны хувьд тулгамдаж байгаа олон асуудал шийдэгдэж, эерэг үр дүнд хүрч байгааг онцлов. Мөн хувь хүний чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийснээр хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн зөв дадалд суралцах, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болох гээд олон эерэг үр дүнд хүрч байгааг дурдав. Ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучуудруу чиглэсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж,  хөрөнгө оруулалтыг хийж чадвал улс орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал үр нөлөө үзүүлнэ гэж байлаа.


Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдаан маргааш салбар хуралдаан, дугуй ширээний хэлэлцүүлгүүдээр үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл