Цэс

Холбоо барих

Байгаль нуурын усны эх ундарга болдог Орхон, Сэлэнгэ мөрнийг хамтран хамгаалах санал тавилаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал, Т.Л.Музычук, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев нарын зэрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан маргааш Улаанбаатар хотноо болох бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэхийн дотор өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх асуудал багтаж байгаа юм. Эдийн засагт хүний хүчин зүйл нэн чухал. Энэ үйл хэрэгт Байгалийн Улсын Их Сургуулийн оруулсан хувь нэмрийг хоёр тал өндрөөр үнэлдэг гэдгийг уулзалтын эхэнд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн төгсөгч билээ. Тэрбээр Байгалийн УИС эрдмийн маш том уурхай бөгөөд Монголын нийгэм, эдийн засагт өндөр мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд гарамгай үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэлээ.

Байгалийн УИС энэ жил 125 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сургуулийн түүхэнд шилдэг төгсөгчид олон байсны нэг нь Монголын төрийг 44 жил удирдсан, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал юм гэдгийг УИХ-ын дарга онцолж, түүний амьдрал, үйл ажиллагааны талаар уран сайхны кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, энэхүү үйл хэргийг дэмжиж оролцохыг зочдоосоо хүслээ. Түүнчлэн Монгол, Оросын эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвөөс Эрхүү хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа дугуй ширээний 2-р уулзалтад ихээхэн ач холбогдол  өгч байгаагаа тэмдэглэв.

Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэх, кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажилд Байгалийн УИС идэвхтэй оролцох болно. Яагаад гэвэл тэр манай төгсөгч юм. Хуралд манай түүхч, эрдэмтэд ч оролцох боломжтой гэж Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская хэллээ.

УИХ-ын дарга Халхын голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээний талаар дурдаж, тэнд барьж буй “Шинэ тосгон” Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр Байгаль нуурын усны гол эх ундарга болдог Орхон, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх санал тавьж, энэ үйл хэрэгт Байгалийн УИС, Орос-Монголын хамтын ажиллагааны төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэснийг Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал Т.Л.Музычук дэмжиж байгаагаа мэдэгдэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааны гол тулгуур болох Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн боловсруулсан төсөл, төлөвлөгөөний үр дүн тун удахгүй гарна гэдэгт итгэж байна гэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал Т.Л.Музычук, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская  нар ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн холбооныхонтой хамтарч, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, хоёр орны хууль тогтоогч, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хамтын судалгаа, шинжилгээний ажил өрнүүлэх, Монголд хамтарсан их сургууль байгуулах зэрэг асуудлыг хөндсөнийг УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, тухайлбал Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны чиглэлээр ОХУ-ын эрдэмтдийн санал бодлыг сонсохдоо баяртай байх болно гэлээ.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.05.27

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл