Цэс

Холбоо барих

“Уур амьсгалын өөрчлөлт ба бусад асуудал” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр /2019.05.28/ дөрөвдүгээр хуралдааны дараа төлөөлөгчид гурван сэдвийн хүрээнд тус бүр дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг “ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад гүйцэтгэх парламентын үүрэг оролцоо”, “Эрүүл мэнд ба бусад асуудал” болон “Уур амьсгалын өөрчлөлт ба бусад асуудал” гэсэн сэдвийн дор явагдаж, энэ үеэр парламентчид Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэрхэн сайжруулах талаар туршлага, санал бодлоо солилцсон юм. 

“Уур амьсгалын өөрчлөлт ба бусад асуудал” хэсгийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны дарга А.Ундраа даргалаа.

Хэлэлцүүлгээр орон орны төлөөлөгчид өөрийн оронд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хэрэгжүүлж буй арга хэмжээ болоод цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, байр сууриа илэрхийлэв.

Тухайлахад, Фижи Улсын төлөөлөгч хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлт болоод авах арга хэмжээний хүрээнд зөвхөн парламентын түвшинд ярилцах бус гамшиг, уур  амьсгалтай  холбоотой  гамшигтай  тэмцэх, дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгахад залуучуудын дуу хоолойг хүргэх, уур  амьсгалын  сөрөг  нөлөөллийг  бууруулах,  дасан  зохицох,  эрт  илрүүлэхэд чиглэгдсэн  боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

Шинэ Зеланд Улсын төлөөлөгч хэлэхдээ, сүүлийн жилүүдэд олон зуун мянган хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан далайн хар салхи, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшгийн гол шалтгаан нь дэлхийн дулааралтай холбоотой. Үүнд Номхон далайн орнуудын асуудлыг хөндөх шаардлага үүсээд байна. Учир нь дэлхийн дулаарлын улмаас арлын орнууд усанд живэх аюулд өртөөд байна. Үүнээс улбаалж дүрвэгсдийн тоо өсөх магадлал бий болно. Иймд хүлэмжийн хийг бууруулж, ногоон хөгжлийн бодлого болоод сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарч хамтран ажиллах шаардлага тулгараад байна гэв. 

Хэлэлцүүлэг даргалагч УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны дарга А.Ундраа хэлэлцүүлгээ дүгнэж, шаардлагатай саналаа Төгсгөлийн баримт бичигт тусгуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл