Цэс

Холбоо барих

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд парламент өөрөө үлгэрлэх ёстой

    Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна. Уг чуулганы дугуй ширээний хэлэлцүүлэг “парламентын үүрэг, оролцоо”, “эрүүл мэнд”, “уур амьсгалын өөрчлөлт” гэсэн гурван сэдвийн хүрээнд өрнөж, парламентчид Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн сайжруулах талаар туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцов.

   “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад гүйцэтгэх парламентын үүрэг, оролцоо” хэсгийн хэлэлцүүлгийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман даргалан явууллаа.

    НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүн санал нэгтэйгээр 2015 оны есдүгээр сард Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт бүхий хөтөлбөрийг баталсан байдаг. "Тогтвортой хөгжлийн зорилгууд" бол хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж гүйцэтгэх ёстой "гэрийн даалгавар" бөгөөд улс орон бүр өөрийн онцлог, нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлж байгаа юм.

    Улс орнууд өөрсдийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэлтийн үйл явц, алхмуудаа тодорхойлох учиртай. Гэхдээ зөвхөн төр засаг үүнд хариуцлага хүлээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт. Хувь хүмүүсээс эхлээд иргэний нийгэм, олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоог ижил түвшинд хангах нь чухал байгааг парламентчид хэлж байлаа.

    Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламент өөрөө үлгэрлэх хэмжээнд ажиллах шаардлага тулгарч байгаа учраас парламентыг чадахжуулж, сургах нь үр дүнтэй байгааг Камбожийн Вант Улсын парламентын төлөөлөл хэлэв.

    Улс орон бүрийн парламентаас хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргадаг ч түүнийг хэрэгжүүлэх санхүү, төсвийн асуудал тулгардаг байна. Ялангуяа хөгжиж буй болон буурай хөгжилтэй улсын хувьд эдийн засгийн эх үүсвэрийг олон улсын донор байгууллагуудаас авахаас өөр аргагүйд хүрдэг аж. Иймд төсвийг шийдвэрлэх боломжуудыг эрэлхийлэх, энэ талаарх зөвлөмжийг улс орнуудад өгөх шаардлагатайг ч хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

    Мөн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх асуудлын хажуугаар түүнийг хэрхэн үнэлж дүгнэх, хяналт тавих талаар парламентчид ярилцсан юм. Улс орнууд орон нутгийн бүх түвшинд үйл ажиллагааны тайлангаа нэгтгэж, шаардлагатай тоон өгөгдлүүдийг цуглуулж, мэдээллийн сан үүсгэх нь цаашлаад бүс нутаг, дэлхийн хэмжээнд зөв, үнэн төсөөлөлтэй болоход ихээхэн ач холбогдолтой юм. Бодит мэдээлэл авлигаас ангид байхад ч чухал нөлөөтэй бөгөөд хяналтын нэг механизм болно.

    Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллахын зэрэгцээ мэдээллээ солилцдог байх хэрэгтэй. Түүнчлэн төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь хяналтыг сайжруулдаг жишиг олон улсад байгаа. Аль зорилгыг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн төсвийг ямар байгууллагад хуваарилах төлөвлөгөөг нарийн гаргаж, эргээд төсвийн зарцуулалтын тайланг хянавал хэрэгжилт сул байгаа зорилгыг төвөггүй харах боломжтойг ч төлөөлөгчид санал нэгтэй хэлж байлаа.  

    Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтын хэрэгжилтийг хянах индикаторуудыг НҮБ-ын Статистикийн Комиссоос батлан гаргасан нь энэ асуудлыг шийдэх учиртай. Улс орон бүр өөр өөрсдийн нөхцөлд нийцсэн үндэсний индикаторуудыг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж НҮБ-ын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн юм.

    Тогтвортой хөгжлийг олон талаас нь, төрөл бүрээр тодорхойлж болно. Гэхдээ түгээмэл ашиглагдаж буй тодорхойлолт нь: "Ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахыг хэлнэ." Ингэхийн тулд энэ зорилгуудын талаар төрийн бүхий л түвшний байгууллагууд төдийгүй иргэдийн мэдээллээр хангах нь чухал. Үүнийг Бразил улс зардал шаардагдахгүйгээр шийдэж эхэлсэн байна. Тодруулбал, төрийн мэдлийн буюу төрийн өмчит байгууллагуудаар дамжуулан зурагт хуудас, лого, телевизийн богино хэмжээний дүрст мэдээнүүдийг ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг таниулах, сурталчилдаг болжээ. Энэ нь нэмэлт зардал шаардахгүйгээр нийгмийн бүхий л давхаргын иргэдэд мэдээллийг хүргэх сайн арга болж байгааг НҮБ-ын мэргэжилтнүүд онцлов.  


    НҮБ-аас гаргасан энэхүү Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх цогц арга хэмжээ юм. Фижи Улсын тухайд яам бүр төлөвлөгөө тайландаа Тогтвортой хөгжлийн зорилгыг тусгадаг бөгөөд ингэхдээ иргэдээсээ санал авдаг гэлээ.

    Монгол Улсын парламент Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг талаарх сайн дурын тайлангаа НҮБ-д танилцуулах гэж байгаа нь бусад улс орнуудад сайн жишиг болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэлцүүлгийг даргалагч, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман илэрхийлсэн юм. Тэрбээр, “Улс орнууд өөрсдийн туршлага, ололт болон дутагдалтай байгаа асуудлуудаа ярилцаж, идэвхтэй байгаад баяртай байна. Тогтвортой хөгжлийн зорилго бол дэлхийн бүх улс оронд хамааралтай асуудал учраас санал бодлоо нэгтгэж, нэгэн зүгт зорих нь чухал байна” гээд хэлэлцүүлгийн төгсгөлд парламентчдаас гаргасан саналуудыг нэгтгэв. Уг саналуудыг Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаас гаргах баримт бичигт тусгуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл