Цэс

Холбоо барих

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган амжилттай өндөрлөлөө

    Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр өдөр чуулж, өнөөдөр /2019.05.28/ төгсгөлийн баримт бичиг болох Тунхаглал баталснаар өндөрлөлөө.


    Хаалтын хуралдааныг УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа даргалан явуулав.

Габриела Куэвас: Улс төрийн хүсэл эрмэлзэл болоод хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй

    Хоёр өдрийн хуралдааныг дүгнэн ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас үг хэлсэн /b. Тэрбээр, tнэ удаагийн хурал амьд, идэвхтэй ярилцлага, хэлэлцүүлгээр өрнөн, жендерийн тэгш байдал, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хамгийн их анхаарал татсан асуудлуудыг хөндсөнийг дурдаад оролцогчдын хуваалцсан үнэтэй туршлагуудаас санаа авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлбэл шинэлэг үр дүн гарах нь дамжиггүй гэлээ.


    Түүнчлэн Тунхаглалд улс орнуудын парламент бүр Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах өөрсдийн чадавхийг нэн даруй үнэлж, тэргүүлэх зорилго болон стратегийн арга хэмжээг тодорхойлох тухай зөвлөмжийг санал болгосныг дурдаад Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхээр манлайлан ажиллаж чадвал үр дүн нь дэлхий нийтэд хүрэх болно хэмээн онцолсон.

    Хатагтай Габриела Куэвас парламент дангаараа биш хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, оновчтой хуулиудыг гарган, улс төрийн хүсэл эрмэлзэл болоод хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ.

Л.Энх-Амгалан: Оролцогчдын чухал санал, үнэтэй зөвлөмжүүд хуралдааныг өндөр үр дүнтэй болгож чадсанд сэтгэл хангалуун байна

    УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Чуулган зохион байгуулах хорооны дарга Л.Энх-Амгалан орон орноос ирсэн оролцогчдын чухал санал, үнэтэй зөвлөмжүүд энэ хоёр өдрийн хуралдааныг үр бүтээлтэй, өндөр үр дүнтэй болгож чадсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.


    УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, дэмжсэнээр үе дамжсан ядуурлыг таслан зогсоож чадна хэмээсэн. Боловсролтой иргэдийн хамтран ажиллах чадвар нэмэгдэн, иргэдийн эрүүл мэнддээ анхаарахад ч нөлөөлж, цаашлаад улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулдагийг онцолсон. Тиймээс чанартай боловсролыг дэмжих, бүх хүмүүст боловсролыг тэгш олгох боломжийг бүрдүүлэх асуудлыг дэмжин ажиллах талаар Тунхаглал бичигт тусгасныг тэмдэглэн хэлсэн.  

    Мөн хуралдаанаар нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хэнийг ч орхихгүй хамтдаа хөгжих хандлагыг бий болгохын төлөө хамтран ажиллах нь зүйтэй хэмээн хэлэлцсэнийг дурдаад “Одоо бид яриад зогсохгүй хийж бүтээх ёстой” гэсэн үгээр хаалтын хуралдааныг өндөрлүүлж байгаагаа мэдэгдсэн юм.


    Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаар хийгдсэн хэлэлцүүлгүүдийн үр дүнд Ази-Номхон далайн бүсэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх тодорхой стратеги, зөвлөмжийг Тунхаглал бичигт тусгажээ.

    Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилгыг парламентын ажил, үүрэгтэй цогц байдлаар холбогдсон эсэхийг баталгаажуулахын тулд Парламентын холбоо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан өөрийн үнэлгээний аргыг ашиглах нь зохимжтой хэмээн тусгажээ.


    Мөн чанартай боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламжийг бүх нийтэд хүртээмжтэй болгох хөдөлгөөнд парламентын гишүүд, иргэд, олон нийт, иргэний нийгэм болон бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үйл ажиллагаанд татан оролцохыг уриалах талаар зөвлөмж болгосон байна.

    Гамшгийн эрсдэлийг бууруулах, байгаль орчныг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон боловсролын үндэсний хөтөлбөрүүд дэх парламентын оролцооны зайлшгүй нэг хэсэг байх ёстой учир уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн үр дагаврыг сааруулах арга хэмжээний зардлыг төсөвлөхийг зөвлөмж хэсэгт тусгажээ.

    Эцэст нь Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэхүү Тунхаглал баримт бичгийг парламентын гишүүд, бусад оролцоотой талуудын анхааралд бүх боломжит сувгаар хүргэх талаар тусгасан байна.

    Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэн Төгсгөлийн баримт бичиг-Тунхаглал батлан гаргаснаар амжилттай өндөрлөлөө гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл