УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.05.28/ хамтарсан байнгын хорооны хуралдааны дараа үргэлжилж, аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээлэл сонслоо.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэхдээ, иргэд, төрийн бус байгууллагаас аккумулятор дахин боловсруулах компаниуд хүнд металлын хаягдлаар Хонхор нуурыг хордуулж байгаа талаар өргөдөл ирүүлсний дагуу ӨБХ-ны гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтнууд 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Заламт гол” ХХК-ний үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад тус компани стандартгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Бид Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор “аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрын тусгай хэрэгцээнд авах” чиглэлийг Засгийн газарт өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Иймд холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг сонсож, шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт хугацаатай үүрэг өгөх болно гэлээ.
Мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан хийв. Тэрбээр, аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл хийх үеэр “Заламт гол” ХХК нь аюултай хог хаягдал болох аккумуляторыг дахин боловсруулахдаа эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй нь Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг зөрчсөн болохыг дурдаж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон гэлээ. Мөн хаягдал аккумулятороос хүхрийн хүчил ялгах, хартугалга хайлуулах үйлдвэрийн 1000 метрт байх эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоогоогүй, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдаагүй аюултай хог хаягдлын байршлийн шаардлага хангахгүй газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Заламт гол” ХХК, “Хос даль” ХХК-ийн үйлдвэрүүдийг хүн ам суурьшиж байгаа бүсээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна гэдгийг онцолж байв. Мөн манай улсад 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 990,856 тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч, үүрэн телефоны оператор компаниудын үйл ажиллагаа, ашиглалтаас жилд 271 мянга орчим хаягдал аккумулятор үүсч, дахин боловсруулах үйлдвэрийн асуудлыг шийдэхгүйгээс зориулалтын бус газар хадгалагдаж, ахуйн болон үйлдвэрийн хогийн цэгт хаягдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэхээр байгаа тул хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах бүсийг тогтоох, газрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Түүнчлэн Аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахад сүүлийн үеийн техник технологийн шийдэл бүхий бүрэн автоматжуулсан, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлахад, УИХ-ын гишүүн А.Сүхбат, хог хаягдал тэр тусмаа аккумуляторын хаягдлыг өөр газар шилжүүлнэ гэдэг буруу, энэ нь дахин нэг газрыг бохирдуулна гэсэн үг. Иймд дахин боловсруулах технологи нутагшуулах тал дээр ажиллах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байв.
Газрын асуудал хэзээ шийдвэрлэгдэх талаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодруулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа хийсэн тайлбартаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэд хэдэн газар санал болгосон боловч орон нутаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дэмжигдээгүй болно. Иймд өнөөдөр бүх газрын төлөөллийг оролцуулсан томоохон ажлын хэсэг хуралдуулах шаардлага үүсээд байна гэсэн тайлбар хийв.
Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсаны дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтож, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоолын төслийг танилцууллаа.
Тухайлахад,
- Аюултай хог хаягдлын ландфилийн байгууламж, аюултай хог хаягдал цуглуулах цэг, аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн газрын байршлыг нэгдсэн цогц байхаар тогтоож өгөх;
- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасан газарт аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн судалгааг гаргаж, газрын хэмжээг үнэн зөв тогтоож, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг стандартад тогтоосон хэмжээгээр улсын тусгай хэрэгцээнд яаралтай авах;
- Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх тухай, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийн нутаг дэвсгэр дээр үүсч байгаа аюултай хог хаягдлаа устгах, зайлуулах талаар нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
- Хог хаягдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 8.2.1-д заасан “тээврийн хэрэгслийн болон барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсрүүлах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” болон “Хар тугалганы хүхрийн хүчлийн аккумуляторыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлагын стандарт”-ыг баталж мөрдүүлэх;
- “Заламт гол” ХХК, “Эйч Би Жи Си” ХХК /хуучнаар “Болор Аграмба” ХХК/-ийн болон аюултай хог хяагдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тогтоосон газарт үйлдвэрийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Хуучин аккумулятор задалж, хүхрийн хүчил болон хар тугалгыг ялган хайлуулах үйлдвэрлэлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, сүүлийн үеийн техник технологийн шийдэл бүхий бүрэн автоматжуулсан, байгаль орчинд ээлтэй технологи, инновацийг дэмжих эрх зүйн орчинг бий болгох;
- Аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн ойролцоох хүхрийн хүчил болон хүнд металлын бохирдолоор бохирдсон хөрсийг саармагжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг үүрэг багтсан байна.
Ингээд дээрх тэмдэглэлээр 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эргэж тайлагнаж, үүргийг биелүүлэх талаар Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.