УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.29) хуралдаан 10 цаг 38 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжив
Эхлээд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцлөө. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцож холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого хамтын ажиллагааны 2018 оны хэлэлцээний үеэр төслийн III дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцоод байгаа юм байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва нар тодруулга хийлээ. Өмнө нь хэрэгжсэн төслүүдийн үр дүн болон энэ удаагийн санхүүжилтийн зарцуулалтын төлөвлөлтийн талаар асуулаа. Төслийн I үе шатны санхүүжилт болох 11.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тусгай хамгаалалттай 11 газрын менежментийг хөгжүүлэх, бусад 33 хамгаалалттай газруудын менежментийг дэмжихэд зарцуулагдсан байна. Энэ хүрээнд байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажлын багаж хэрэгсэл, тусгай хувцас, ажлын байр, туулах чадвар өндөртэй автомашин, мотоцикл, хөдөлмөр хөнгөвчлөх технологийн хэрэгслээр хангах, түүнчлэн тусгай хамгаалалттай бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Төслийн II, III үе шат 2019-2026 онд хэрэгжиж байгаа бөгөөд дараагийн санхүүжилтүүдийг мөн энэ чиглэлээр зарцуулах юм байна. Өнөөдрийн байдлаар Төслийн хэрэгжилтийг хянах баг ХБНГУ-аас ирээд Монгол Улсад ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэв. II шатны санхүүжилтийн хүрээнд 4 бүсийн 40 гаруй сумын газар нутаг хамрагдсан бол III шатны санхүүжилтэд Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 сум шинээр хамрагдах юм байна. ХБНГУ-ын зүгээс байгаль хамгаалагчдын орон тоо, урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгааг хэллээ.
Ийнхүү гишүүдийн асуултад салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өгсний дараа үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Иймд санал хураалт явуулахад 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцсөн. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7.0 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна. Зээлийн хүү жилийн 2 хувь, зээлийн хугацааг 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэж Н.Цэрэнбат сайд танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тодруулга хийн ажлын хэсгээс хариулт авсан, мөн төсөлтэй холбогдуулан тэрбээр үг хэлэв. Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжиж буй өндөр ач холбогдолтой энэхүү төслийг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх тал дээр ихээхэн анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн уул уурхай төдийгүй барилга, экологийн инженерүүдийг бэлтгэх, МСҮТ-ийн мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд анхаарал хандуулахыг хүслээ. Үргэлжлүүлэн санал хураалт явуулсан юм. Дээрх зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар шийдвэрлэв.
Үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Үүний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийв. Ажлын хэсэг тавдугаар сарын 27-ний өдөр хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн, хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг төсөлд бүрэн тусгасан байна. Тухайлбал, төслийн хавсралтад иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх, гэр хороололд амины орон сууц байгуулахад урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээл олгох, нийслэл аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийх, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх, эмнэлгийн ажилтнуудыг В вирусын дархлаажуулалтад хамруулах, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нарыг зөөврийн компьютертэй болгох, Ботаникын цэцэрлэгийг тохижуулах, байгалийн ургамлын үндэсний нөөц байгуулах барилгыг барих, соёлын баримтат өвийг хамгаалах, музей түүхийн соёлын өвийг сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, Бурхан халдун уулын соёлын өвийн менежментийн захиргааг байгуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг нэгбүрчлэн тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар төмөр замын бүтээн байгуулалт болон чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай холбоотой тодруулга хийж, хариулт авсан. Дараа нь ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдаанаар үргэлжлүүлэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх асуудал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон тул Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн тул төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нийцүүлж, ерөнхий байцаагчийн талаарх зохицуулалтыг хасч, мэргэжлийн хяналтын төв байгууллагаас эрх олгосны дагуу агентлагт улсын байцаагч ажиллаж болно гэсэн байдлаар өөрчлөн найруулах саналын томьёоллыг боловсруулжээ.
Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу 8.7 дахь хэсгийг анхны хэлэлцүүлэг дээр хураалгасан саналын томьёоллоор Харилцаа холбооны зохицуулах хороонд улсын байцаагч ажиллана гэсэн байдлаар дахин санал хураалгахаар бэлтгэжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг төсөлд нэмж тусган хууль зүйн техникийн засварыг хийсэн эцсийн хувилбарын төслүүдийг боловсруулснаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй телевиз, радио, тэдгээрийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх эсэхийг тодрууллаа. Харилцаа, холбооны зохицуулах газраас Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй радио, телевизүүдэд шалгалт хийсэн бөгөөд дүн тайланг ирэх сарын эхээр хэлэлцэхэд бэлэн болоод байгаа гэв. Үүний дараа шаардлага, стандарт хангахгүй байгаа байгууллагуудын үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийднэ гэлээ. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар тогтлоо.
Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулсан. Анхны хэлэлцүүлгийн шатанд харилцагчийн регистерийн дугаараар нь бүртгэж, бусад үйлчилчлүүлэгчдэд ижил нөхцөл олгох тухай үүрэгжүүлсэн заалт, дотоод хэрэглээний холбооны сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахыг хориглосон заалтуудыг Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Эдгээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгаж хуулийн хийдлийг арилгах шаардлагатай тул Байнгын хорооны зүгээс төслийг боловсруулсан байна. Танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй тул төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах томъёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын 9 томъёолол нэг бүрээр санал хураалт явуулав. Ингээд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хуулийн төслийг батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм.
Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцсэн. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулж, гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй хэмээн тогтлоо.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байсан юм. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ. Төрөөс өрсөлдөөнт шалгаруулалт зарлахдаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх байршил, эх үүсвэрийн төрөл, хүч чадал, жилд худалдан авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлж, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд төслийг хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс хийх боломжтой нөхцөл шаардлагаар хангасан байх гэсэн агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Б.Дэлгэрсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонслоо
Өнөөдрийн хуралдааны төгсгөлд “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсож, энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцууллаа.
УИХ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, дэд ахлагчаар Д.Тэрбишдагва, гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нарыг томилсон юм. УИХ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар захирамжаар ажлын зайлшгүй шаардлагын улмаас Д.Дамба-Очирыг ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж, 13 гишүүнтэй болсон. Харин УИХ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181 дүгээр захирамжаар өөрийн хүсэлтийг харгалзан Ж.Батзанданг ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлж, нийт 12 гишүүн ажиллажээ.
УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тус ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Дэд ажлын 5 хэсгийг 57 дугаар захирамжийн 2 дахь хэсгийг үндэслэн байгуулж, түүний бүрэлдэхүүнд төр, засгийн холбогдох байгууллагын мэргэжлийн ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, хөдөлгөөний болон энэ салбарт ажиллаж байсан мэргэжлийн ахмад ажилтан, эрдэмтэд, судлаачдын төлөөлөл оролцон УИХ-ын ажлын хэсгээс өгсөн чиглэл, хүлээлгэсэн үүргийг хариуцлагатай гүйцэтгэж ажилласан гэв.
УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалт нь зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн (Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ) гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (ДУББСТ) буюу Дубайн гэрээ гэх зэрэг үндсэн баримт бичгүүдийн хэрэгжилтийг бүхэлд нь хамруулан танилцаж шалгажээ.
Дэд ажлын хэсгийг дараах чиглэлээр байгуулж ажиллуулсныг дэлгэрэнгүй танилцуулав. Тодруулбал,
1. Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв, санхүүгийн дэд ажлын хэсэг-ахлагч нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт;
2. Бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн дэд ажлын хэсэг-ахлагч нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн;
3. Уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны дэд ажлын хэсэг – ахлагч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал;
4. Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын дэд ажлын хэсэг - ахлагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр;
5. Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээ, түүний хэрэгжилт, үр дүнг тооцох дэд ажлын хэсэг-ахлагч нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар тус тус ахлан ажилласан байна. УИХ-ын гишүүд дэд ажлын хэсгийг хуваарийн дагуу хариуцан ажилласан гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн танилцуулгадаа дурдав.
УИХ-ын ажлын хэсгийн болон дэд ажлын хэсгийн гишүүдэд хандаж ажлын хэсгийн ахлагчийн зүгээс “Ил захидал” илгээж, Оюу Толгой төслийн үйл ажиллагааг шалгах хариуцлагатай ажилдаа хуулийн хүрээнд шудрагаар ажиллаж, идэвх санаачлагатай байж, зөв, бодит гарц шийдлийг олсон, олон түмний хүлээлтэд зохих ёсоор хариу өгсөн шийдвэрийг хамтдаа гаргахыг уриалсан байна.
УИХ-ын ажлын хэсгийн зүгээс Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраас хийгдэж байгаа шалгалтын ажлын хэсэгтэй мэдээлэл солилцож, шалгалтын ажлын эцсийн үр дүнг ард түмний хүлээлтэд бодитой хариу өгсөн шийдлийг хамтдаа гаргахыг зорьж, тэдний шалгалтын урьдчилсан дүгнэлт, санал (нууцын зэрэглэлгүй)-ыг энэхүү нэгдсэн дүгнэлтэд тусгажээ.
Оюу Толгой төслийн шалгалтын хугацаанд дэд ажлын хэсгүүд Оюу Толгой ордыг ашиглахтай холбоотой гэрээ, хэлэлцээр болон төслийн хэрэгжилтийн явцын талаарх баримт, материалуудтай танилцаж, эдгээр гэрээ, хэлэлцээрүүд нь Монгол Улсын хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, эрх зүйн хэм хэмжээтэй нийцэж байгаа эсэх, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хэрхэн биелүүлж байгаа талаар нэгдсэн дүгнэлт, санал зөвлөмж гаргасан байна.
Шалгалтын ажилд шаардагдах анхдагч болон үндсэн тулгуур баримт, материалыг “Оюу Толгой” ХХК, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас гаргуулан авч, тэдгээрийг судалж дүн шинжилгээ хийх, Оюу Толгой төслийн ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, шаардлагатай асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тайлбар тодруулга авах, уулзалт ярилцлага хийх зэрэг арга зүйг ашиглан шалгалтыг явуулж, санал дүгнэлтийг нэгтгэн гаргасан.
Оюу толгой төслийн талаар дараах дүгнэлтийг хийж болохоор байгаа талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцууллаа.
Нэг. Төслийн эерэг сайн талууд
1.1 Оюу Толгой төсөл нь Монгол Улсад анх удаа дэлхийн томоохон компани (хѳрѳнгѳ оруулагч)-ийг Уул уурхайн том тѳсѳлд татан оруулж, Монголын стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд анх оруулж эхлүүлсэн.
1.2 Дэлхийн нэр хүндтэй, томоохон хөрөнгө оруулагчийг оруулж ирсэнээр манай улсын гадаад бодлогын 3 дахь хөршийн бодлого хэрэгжиж, Үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөөлөл бий болж байна.
1.3 Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаагаа явуулах, тэдний сонирхолыг татахад сайн нөлөө үзүүлж байна.
1.4 Улсын төсөв, санхүүд татвараар дамжин тодорхой орлого нэмэгдэн орж, эдийн засаг тэлэх байдал бий болсон. (ОТ ХХК нь 2013-2017 онд 6,3 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, Монгол Улсад 923,6 сая ам.долларын татвар төлжээ)
1.5 Монголын уул, уурхайн, түүний дотор далд уурхайд ажиллах ИТА, мэргэжилтэй ажилчид бэлтгэгдэн (гэрээгээр нийт ажилчдын 94 хувьд хүрсэн) дадлагажиж, ийм төрлийн уурхайг монголчууд бие даан ажиллуулах, ашиглаж чадах боловсон хүчний нөөцтэй болж байна.
1.6 Өмнийн говьд хөрөнгө оруулалт хийгдэж дэд бүтэц сайжирч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын дүнд иргэдийн амьдралд чанарын өөрчлөлт гарч байна.
1.7 Оюу Толгой төслийн бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтэд Монголын аж ахуйн нэгж, иргэд тэргүүн ээлжинд оролцох боломжийг бүрдүүлж ажиллуулж байгаа нь үр дүнтэй байна. (2018 оны 04 дүгээр сарын байдлаар Оюу Толгой төслийн хүрээнд 138 туслан гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж, 12116 ажилтан хөдөлмөр эрхэлж байна) Иргэдийн амьжиргааны эх үүсвэр дээшилж байна.
1.8 Монгол Улсын улсын төсвийн орлогын 7 хувийг, бүртгэлтэй ажиллах хүчний 1 хувийг ажлын байраар хангаж байна.
Хоёр.Төслийн зарим сөрөг асуудлууд
2.1 Аливаа бизнес, түүний дотор хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ нь "харилцан ашигтай байх" зарчмыг баримталж хийгддэг. Гэтэл Оюу Толгойн гэрээний хэрэгжилтийн хувьд энэ зарчим алдагдаж өмчийн эзэн Монголын талд ашиг багатай, харин хөрөнгө оруулагч талд илүү өгөөжтэй й байгаа нь анхаарах гол асуудлын нэг болж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үндэслэсэн эрх зүйн баримт бичгийн нэг нь УИХ -ын 2009 оны 57 дугаар тогтоол бөгөөд гэрээний 1.6-д “Төр нь хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх ба энэхүү гэрээний хугацааг 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү сунгаснаас хойш 1 жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй” гэсэн нь Монголын талын эзэмших хувийг 50 хувиас доошгүй хувь болгоно гэсэн олон түмний хүлээлтийг хэрэгжүүлэх боломжгүй болгожээ. Гэтэл төслийн хэрэгжилтийн явц, 2015 оны ТЭЗҮ, ДУББСТ болон төслийн хөрөнгө оруулалт, зардлын хэт их өсөлтөөс үзэхэд төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэдэн хувь ч хүргэж нэмэгдүүлэх нь ач холбогдолгүй болсон байна (хуудас 166).
2.3 Төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь буруу болсон. (Хөрөнгө оруулалтын гэрээний 1.11 ба 3.1 заалтуудаар) Цаашид ТЭЗҮ ашигт малтмалын орд хайх, ашиглах төслийн хувьд маш чухал баримт бичиг учир түүнийг боловсруулах, дүгнэлт гаргах тогтолцоог шинэчилж, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож сайжруулах шаардлагатай байна.
2.4 Хөрөнгө оруулалтын гэрээний гол агуулга нь хөрөнгө оруулагч буюу Гадаад талын татварын болон үйл ажиллагааны орчинг тогтвортой байлгах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг тэргүүн зорилго болгож шийдвэрлэжээ. (Хөрөнгө оруулалтын гэрээний удиртгал хэсгийн Гэрээний зорилго гэсэн хэсэг) Үүнээс болж Монголын талын оролцох оролцоо, тавих хяналт бүдгэрсний дээр татварыг удаан хугацаанд тогтворжуулсан нь дэлхийд байхгүй жишиг болж, манай талын үр ашгийг бууруулах үндэс болж байна. “Оюу Толгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 орчим хувиар бага байгаагийн дээр 2018 оны байдлаар татварын хөнгөлөлт 1.5 дахин, зардал буюу ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал 12.8 дахин өссөн гэж Сангийн яамны тооцооллоор гарсан.
2.5 Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д Төр нь энгийн хувьцааны 34 хувийг "өмчлөх" гэдэг үгийг хэрэглэсэн боловч хувь нийлүүлэгчийн гэрээ болон ДУББСТ-д “эзэмших” гэдэг үгээр солисон нь эрх зүйн ойлголтоор зөрчилтэй байна.
2.6 ДУББСТ-өөр Монголын талын эрх ашигт сөргөөр нөлөөлөх олон асуудлууд тусгагдсан нь хөрөнгө оруулагчид онцгой, заримдаа хэтэрхий эрх мэдлүүд олгосон байна.Үүнд:
а) Монгол талын төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувиар тогтоон энгийн хувьцаа эзэмшигч болсон. Харин төслийн үйл ажиллагаанаас хамаарч хувьцаа эзэмшигч, талуудын хүртэх ногдол хуваарилагдах эсэх нь тодорхойгүй болсон.
б) Анхны ТЭЗҮ -ээр нийт хөрөнгө оруулалтыг 4,4 тэрбум ам.доллар гэж төлөвлөсөн, харин нэмэгдсээр 7,1 тэрбум, 2018 оны I сарын байдлаар 11,1 тэрбум ам.доллар болгож зардлаа өсгөжээ. Түүгээр ч үл барам ТЭЗҮ-г эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш гэж Дубайн гэрээ гэх ДУББСТ-д өөрчлөн оруулсан нь Монголын талын үр ашгийг цаашид бууруулах ноцтой өөрчлөлт болжээ. (ДУББСТ-ний 4.2)
в) Нөөцөд суурилсан тооцооллоор Монголын талын 34 хувийн хувьцааны өр, хүүгийн хамт 1.5 тэрбум ам.доллар бөгөөд ирээдүйд ногдол ашгаа суутгаснаар 2039 онд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй байна.
г) 30 жилийн дараа Засгийн газар нэмж 16 хувь буюу нийт 50 хувийг эзэмшигч болж болох боловч санхүүжилт мѳн л ийм зарчмаар үргэлжилбэл үр ашиг багатай байх төлөвтэй.
2.7 ДУББСТ-ний 5.6 дахь заалтаар Далд уурхайн санхүүжилтэд авах зээлийн барьцаанд Оюу Толгой төслийн “А” лицензүүд, бүхий л эрхүүд , мөн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн байна. Энэ нь Монгол Улсын ордын баялаг, өмч, хөрөнгийг барьцаалж авсан зээл боловч, манай тал авсан зээлэнд хөрөнгө оруулагчдад давхар хүү төлөхөөр болсон нь дэндүү шударга бус тохироо болсон байна.
а) Оюутолгой төсөлд ашиглах нэрийн дор 2015 онд төслийн санхүүжилт нэрээр авсан 4.3 тэрбум ам.долларын зээлийн эх үүсвэрийг Рио Тинто зөвхөн өөрийнхөө Оюутолгой төсөлд өмнө хийсэн хөрөнгө оруулалтаа буцааж гаргахад л ашигласан байна. Дээр нь Оюу Толгойд зориулсан зээлд Рио Тинтогийн баталгааны шимтгэл 1.9 хувь, бусад шимтгэл хураамж зэрэг нэмэлт зардлуудыг нэмэлтээр бий болгож байна. Үүнээс болж уг зээлийн олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зардал нь дунджаар LIBOR+3.3 орчим хувьтай бол өнөөдөр Оюу Толгойд ирж байгаа зардал нь LIBOR+6.0 болж өсөж байна.
б) Хөрөнгө оруулагч тал одоогоор монголын талын 34 хувиас бусад лиценз, өмч хөрөнгө, ирээдүйн мөнгөн гүйлгээ зэргийг бүхэлд нь барьцаанд тавьсан нь төслийг үр дүнтэй цааш үргэлжлэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, гадаад хөрөнгө оруулагч тал эрсдэл гарлаа гэсэн шалтагаар төслийг хаяад гарах замаа тавьжээ гэж дүгнэж байна.
2.8 2015 онд хийсэн гэрээгээр Рио Тинто группийн үйлчилгээний төлбөрийг нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээгээр тохирсон Менежментийн үйлчилгээний төлбөрөөс тусад нь нэхэмжлэн авч байгаа нь нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээний 7.2.(в)-д заасан Менежментийн үйлчилгээ давхцаж, Монгол талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлж, цаашид уурхайн ашиглалтын нийт хугацаанд 2 тэрбум гаруй ам.доллар болох магадлалтай байна. Ийнхүү нэмэлт төлбөр тогтоож Рио Тинто компани зардлаар дамжуулан өөрт ногдох үр ашгийг нэмэгдүүлж байгааг зогсоох шаардлагатай байна.
2.9 ДУББСТ-өөр Баяжмал дахь металлын агууламж, сорьцыг “Оюу Толгой” ХХК нь өөрийн гэрээт болоод Геологийн Төв лабораториар давхар тогтооно. Хэрэв Геологийн төв лаборатори эргэлзээтэй гэж үзвэл хөндлөнгийн лабораторт өгч шинжлүүлэхийг “Оюу Толгой” ХХК-д шаардаж болох боловч энэ тохиолдолд уг хөндлөнгийн лабораторийн дүгнэлтийг дагаж мөрдөнө гэж заасан. Энэ нь гадаад талд давуу байдал бий болсны зэрэгцээ Монголын талын хяналтыг сулруулж, үр ашгийг бууруулах бас нэг нөхцөл болж байна. ( ДУББСТ-ний 6.2 дахь заалт)
2.10 Хөрөнгө оруулалтын гэрээний 6.13-6.18 дахь заалтаар Үйлдвэрийн хэрэгцээний усны хэрэглээнд Газрын гүний усыг ашиглах эрхийг олгосны хамт хөрөнгө оруулагчийн хөрөнгөөр олж илрүүлсэн буюу баталгаажуулсан усны нөөцийг дангаар ашиглах, бусдад төлбөртэй ашиглуулах давуу эрх олгосон нь дахин сэргээгдэх нь хүндрэлтэй байгаа байгалийн баялаг болох усыг хайр гамгүй ашиглаж, говийн эмзэг байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болох эрсдэлтэй байдлаар тохирсон байна.
2.11 Хөрөнгө оруулагчийн эдлэх эрхийг хөрөнгө оруулалтын гэрээний 9.10 заалтаар олгож гадаад улсад хөрөнгө эзэмших болон чөлөөтэй зарцуулах эрх олгосноор бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах, чөлөөтэй зарцуулах эрхийг эдлүүлж, Монгол Улсын арилжааны банкинд гадаад валютын данс нээж гүйлгээ хийхийг зөвхөн тэдний хүсэл зоригийн асуудал болгож, заавал биелүүлэх үүрэг болохгүй гэж зааснаар хяналтаа алдсан дэндүү хариуцлагагүй тохироог хийжээ. Цаашид гэрээнд өөрчлөлт оруулж Монгол Улсын банкаар дамжуулан гадаад валютын гүйлгээг хийлгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
2.12 Эрчим хүчний хэрэгцээгээ 4 жилийн дотор Монгол Улсаас хангана (Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3) гэсэн заалтад одоо хүртэл хэрэгжээгүй байна. Засгийн газар хэлэлцээр хийж гэрээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлагатай байна.
2.13 Хөрөнгө оруулалтын гэрээгээр (3.1 дэх заалт ) хөрөнгө оруулагчийн эзэмших ашиглалтын тусгай зөвшөөрлийг (ЗОжил +20+20=70 жил) удаан хугацаагаар эдлэх онцгой эрх олгосон нь хамтрагч талд нэг талдаа хамтран ажиллах итгэл олгосон. Ажлын хэсэгт гаргаж өгсөн санхүүгийн модельд үндэслэн өнгөрсөн хугацаанд талуудад орсон мөнгөн урсгалыг оруулан, тооцож үзэхэд баялагт суурилсан хувилбар буюу 2010-2103 он хүртэлх хугацаанд нийт төслийн мөнгөн урсгалаас хүртэх Монголын талын үр ашиг 44 хувьтай байхаар тооцогдож байгаа бол хөрөнгө оруулагч талын хүртэх үр ашиг 56 хувьтай байх төсөөлөлтэй байна.
Нөөцөд суурилсан хувилбар буюу 2010-2055 он хүртэл тооцсон мөнгөн урсгалын тооцооллоор Монголын талын хүртэх үр ашиг 31 хувь, хөрөнгө оруулагч тал 69 хувь байх төсөөлөлтэй байна. Гэтэл 2010 оны ТЭЗҮ-д Монголын талын өгөөжийг 53 хувь байхаар, хөрөнгө оруулагч талын өгөөжийг 47 хувь байхаар заасан, мөн ДУББСТ-өөр энэ хувь хэмжээг бууруулахгүй байхаар баталгаажуулсан үндсэн тохиролцоо ийнхүү алдагдаж Монгол Улсад орох өгөөж буурч байгаа нь шалгалтаар тогтоогджээ.
УИХ-ын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс дараах дүгнэлтийг хийсэн байна.
1. Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг боловсруулахад оролцсон Монголын талын төлөөлөл УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын талын хүртэх үр ашиг, өгөөжийг бууруулах нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэстэй байна.
2. Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ /мониторинг/ хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байна.
3. Дубай хотноо байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл, заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон дэд ажлын хэсгийн ахлагч, холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авсан юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Д.Ганболд нар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайлантай холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хэллээ.
Төсгөлд нь Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дээрх ажлын хэсгийн тайлангийн хэлэлцүүлэг үр дүнтэй болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлээд цаашид шаардлагатай бол Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар судлах нь зүйтэй гэдэг хувийн байр сууриа илэрхийллээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсэг байгуулах эсэхийг дараагийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн хэд хэдэн Байнгын хорооны төлөөллийг оролцуулах, эсвэл энэхүү тайланг УИХ-аар хэлэлцүүлээд, УИХ-аас ажлын хэсэг байгуулах асуудлыг судлах саналыг гаргав. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.