Эрх мэдэл байгаа газарт хүний эрхийн зөрчил үйлдэгдэх эрсдэл байдаг тул Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл өнөөдөр (2025.01.02) Төрийн албаны зөвлөлд очиж ажиллалаа. Тэд тус зөвлөлийн хянан шалгах чиг үүргийг тодорхой болгох, чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийг баталснаас хойших таван жилийн хугацаанд 28 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин одоо хүний эрхийн болон ёс зүйн зөрчлийг шийдвэрлэхэд цогц арга хэмжээ авах цаг нь болсон хэмээн талууд байр сууриа илэрхийллээ.