Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан 2024 оны 12 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 1924 онд байгуулагдсан 27 мянган хүн амтай, сумын нэгдсэн эмнэлэг нь 1951 онд байгуулагдсан, Мандал сумаас гадна Түнхэл тосгон, Хэрх тосгоны нийт 32 мянган иргэд үйлчилдэг томоохон эмнэлгийн нэг юм.

Тус эмнэлэг нь 200 гаруй эмч, ажилчидтай бөгөөд нарийн мэргэжлийн 19 кабинеттай, цаашид эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангавал иргэд заавал Улаанбаатар руу явалгүй орон нутагтаа эмчлүүлэх боломжтой талаар тус эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр Байнгын хорооны даргад танилцуулсан

Дараа нь Байнгын хорооны дарга Л.Энхнасан Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвд ажиллаж, УИХ-аас баталсан төсөв, хууль, эрхзүйн нөхцөл байдал, Хуулийн хэрэгжилт амьдрал ямар байгаатай танилцсан юм. Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв нь улсдаа жишиг төв бөгөөд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар болгосон байна.

Тус хөгжлийн төвийн захирал Д.Хүрэлчимэг байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулаад цаашид жишиг хөгжлийн төвийг аймгуудад байгуулах, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байгаа талаар дурдсан.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан тухайн байгууллагуудад ажиллаж байгаа ажилтнууд, үйлчилгээг нь хүртэж байгаа иргэдийн байр суурийг сонсоод, ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, нийгэмших, зарим нэг хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэх шаардлагыг хангахуйц ийм жишиг төв аймаг, дүүрэг бүрд байх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ жишиг төвийг аль болох төсөвт дарамт учруулахгүйгээр ажиллуулахад Байнгын хороо анхаарч ажиллана хэмээлээ.

Байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл