Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.12.26/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, мөн өдөр УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ” хэмээн заасныг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулаад, дээрх хууль, тогтоол тус бүрээр санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.