Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.26) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 10 цаг 30 минутад эхэллээ. Эхлээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Даваагийн Ганбаяр нэр дэвших хүсэлтээ ирүүлснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд Нинжбатын Ууганбатыг нэр дэвшүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэн. Иймд нэр дэвшигч 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нэр дэвшигчийн сонсголд оролцохоор боллоо.
Дараа нь “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 28 дугаар захирамжаар “1955 оны "Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр" болон "Гашуунсухайт-Ганцмод" хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Засгийн газраас уг асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах замаар шийдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд холбогдох саналыг хүргүүлээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг хийх үедээ баримтлах чиглэлийг Улсын Их Хурлаас авах зорилгоор төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талтай хийж, хэлэлцээрийн төслийг эцэслэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу соёрхон батлуулахаар төлөвлөж байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцуулсан. Яриа хэлэлцээрийн үед баримтлах чиглэлд тусгах асуудлуудын талаар мөн танилцуулж буйгаа тодотгов. Тухайлбал, Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хоёр улсын төрийн дээд, өндөр түвшний хооронд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх, энэхүү бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх талаар тусгуулахаар танилцуулсан. Мөн энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд эзэмшүүлэхгүй, шилжүүлэхгүй байх; тус чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох тухай танилцуулгад дурдав. Мөн нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх өөрсдийн хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх; тус төмөр замыг байгуулахад өргөн нарийн царигийн аливаа маргаан дахин үүсгэхгүйг бататгах; бүтээн байгуулалтад нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэйгээр бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах зарчим баримтлах саналыг дээрх чиглэлд тусгуулахаар Ц.Туваан сайд танилцуулсан. Төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр, төмөр зам түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах зэрэг 11 асуудлыг тэрбээр танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл болон төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Ж.Ганбаатар, П.Батчимэг, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан, Б.Мөнхсоёл, Р.Сэддорж нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан хэлсэн үгэндээ гишүүд хэлэлцээрийг байгуулж, төслийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бодлоготойгоор бэлтгэх асуудлыг анхаарах, тодорхой асуудлаа нарийвчлан тохиролцох зэрэг асуудлыг дурдаж байлаа. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажуулсан суурь зарчимд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Уг хуулиар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангийн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, хуваарилалт, хөрөнгийн удирдлагын асуудлыг хуульчлан тогтоосон. Тус хуульд Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангийн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, хуваарилалт, хөрөнгийн удирдлагын талаар хуульчлан тогтоосон.
Тодруулбал, Ирээдүй өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад, үлдэх хэсгийн 65 хувийг, Хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн нэгдэлд хамаарах буюу уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьцаанд ногдох ногдол ашгийг төвлөрүүлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, тэдгээрийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд зарцуулж байхаар зохицуулсан хэмээн Н.Учрал сайд танилцууллаа.
Эдгээр сангийн эх үүсвэрийг Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай өөрөөр тусгасан байдаг байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 472.2, 472.3-т стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр орлуулж болохоор зохицуулж тусгай төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч 5 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газар тогтоож, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх зохицуулалттай байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасан зарчим, түүнд нийцүүлэн гаргасан Үндэсний баялгийн сангийн орлого бүртгэх зарчимтай нийцэхгүй байгаа аж. Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэр стратегийн ордын 34 хувийн төрийн эзэмшлийн 5 хувиас хэтрэхгүй АМНАТ-өөр орлуулж байгаа нь учир дутагдалтай байгааг нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд, олон нийт шүүмжилж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.
Иймд Цөмийн энергийн хуульд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахдаа илүү үр ашигтай хувилбарыг Засгийн газрын мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болохоор заасантай ижил зарчимд нийцүүлэх шаардлагатай гэж үзэж, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн хууль хоорондын уялдааг хангаж, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор төслийг боловсруулсан гэлээ.
Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр нэмж тусгажээ. Тус хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Н.Учрал сайд танилцуулсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг улсын төсөвт төлөхөөр заасныг өөрчилж, Хуримтлалын санд төвлөрүүлэхээр зохицуулсан. Мөн хуулийн 472.3-т “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ нь тухайн ордын онцлогоос хамаарч 5 хувиас хэтрэхээргүй байх “-аар заасныг Цөмийн энергийн тухай хуультай уялдуулан “Засгийн газрын өргөн мэдүүснээр Улсын Их Хурал тогтоох” зарчмыг тусгасан гэв.
Эдгээр хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялгаас олсон орлогыг иргэдийн Хуримтлалын сан, хадгаламжаар дамжуулан иргэдэд тэгш шударга хүртээх, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах боломж бүрдэхийн зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн асуудал нь мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.1.3-д заасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудал болохыг тодотгов.
Төсөл санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, Ж.Ганбаатар, Б.Энхбаяр нар асуулт асууж, Н.Учрал сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан бол төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд үг хэлсэн юм. Дараа нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох нь зөвхөн Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа эрхэм зорилт гэдгийг дурдсан. Энэхүү зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогод нэгдэж, цөмийн эрчим хүчийг ногоон буюу тогтвортой цэвэр эх үүсвэр хэмээн зарлаж байгааг хэлсэн. Дэлхийн зах зээлд цөмийн түлш ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж байгаа 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж байгаа 344 реактор байгаа аж. Олон улсын атомын энергийн агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 он гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцоолыг гаргаад байгаа гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэм хэмжээгээрээ дэлхийд аравдугаарт жагсаж байгаа юм байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уур уурхайн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтуудыг тусгаж улмаар Засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Зөөвч-Овоо”, “Дулаан уул”-ын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улсын цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуулыг эрчимжүүлж, олборлолт, ашиглалтыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр тодотголоо.
Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус өөрчлөлтөөр Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх зарчмыг бусад хэлбэрээр хангуулах эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан байна.
“Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг энгийн хувьцааны ноогдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТөлбөрт 717 сая ам.доллар буюу нийт улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарчээ. Харин 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай АМНАТ-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцсон гэлээ.
Хэдийгээр 34 хувийн энгийн хувьцааны хувилбарын тооцоолол нь илүү санхүүгийн өгөөжтэй мэт боловч Засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмших нөхцөлд төсөл хэрэгжүүлэх үед хөрөнгө оруулагч зардлыг удирдах төслийг зээлээр санхүүжүүлэх зэрэг олон хэлбэрээр төслийн төлөх татвар, хураамжийг бууруулах боломжтой байдаг тул Засгийн газар анх тооцож байсан ногдол ашгаа хүртэж чадахгүй байх, төслийн өгөөж тодорхойгүй хугацаагаар хойшлох эрсдэл үүсэж болзошгүй хэмээн Н.Учрал сайд танилцуулсан.
Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын Засгийн газрыг дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ жижиг хувьцаа эзэмшигчээр оролцохоос зайлсхийж, төсөл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсхүл АМНАТ-өөр оролцох зөвлөмжийг бий болгосон байгааг мөн харгалзах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Түүнчлэн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлого, ноогдол ашгийн орлоготой харьцуулбал төслийн зардлын өсөлт сул мэдрэг буюу эрсдэлгүй орлогод тооцогддог бөгөөд хэрэв Засгийн газар 34 хувийн энгийн хувьцаа эзэмших тохиолдолд Монголын талд ноогдох нийт 5.6 ам.долларын 1 тэрбум ам.долларын орлогын 82 хувь нь зардлын өсөлтөд өртөмтгий буюу эрсдэлтэй орлого үлдсэн 18 хувь нь зардлын өсөлтөөс үл хамаарах эрсдэлгүй найдвартай орлогод тооцогдох юм байна.
Харин Засгийн газар нь 10 хувийн давуу эрхийн хувьцаа ашигт малтмалын нөөц ашигласны тус тусгай төлбөрөөр орлуулснаар эрсдэлгүй орлогын хувийг 18 хувиас 45 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулж байв. Иймд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөө орлуулж, Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн үр өгөөжийг шууд хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Засгийн газар 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжинд ногдол ашиг хүртэх, хувьцаанд ногдох хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байх, бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авах, түүнчлэн компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах зэрэг компанийн тодорхой, чухал шийдвэрүүдэд хориг тавих онцгой эрхтэй байхаар талууд харилцан тохиролцоод байгаа аж. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг талуудын хооронд байгуулсан протоколыг үндэслэн ураны хүдрийн баяжмалын зах зээлийн үнийг харгалзан 5 хувь хүртэл байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Дээрх хувилбарыг сонгосноор төслийн ТЭЗҮ-д тулгуурлан олон улсын стандартын дагуу санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулжээ. Хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байх тохиолдолд талууд үр өгөөжийг 51 хувьд хүргэх шаардлагатай үр өгөөжийн тохируулга хийх, хөрөнгө оруулагч нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцоод байгаа аж. Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж зөвхөн 4 төрлийн татварыг тогтворжуулах, харин байгаль орчны салбарын албан татварыг тогтворжуулахгүй байхаар тохиролцсон гэв.
АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгажээ. Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд авч үзэх ба бусад ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг хамруулахгүй байх, олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох технологиор явуулах ТЭЗҮ, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, гео экологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр гурван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх талаар хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохиролцсон байна.
Мөн төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатад нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээд байхаар тус тус тохиролцоод байгаа гэлээ. Тус тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.11-д заасан “Зөөвч-Овоо”, “Дулаан уул”-ын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан ураны төсөл үр ашигтай хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, М.Мандхай нар асуулт асууж, Н.Учрал сайдаас хариулт авсан бол Л.Соронзонболд гишүүн үг хэлсэн. Дараа нь “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.