“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиуд болон Баталгааны тухай хэлэлцээрийн бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг тус тус нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Үүнд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан 1972 онд Монгол Улс, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хооронд байгуулсан Баталгааны тухай хэлэлцээрийн “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан бол Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулиар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцод нэгдэн орсныг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулиар Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 2 дугаар зүйлийг “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.” гэж өөрчлөн найруулжээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолуудаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшинг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Дуламын Бум-Очирыг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс, Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Жигжидсүрэнгийн Чинбүрэнг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Дуламын Бум-Очирыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Дашцэрэнгийн Энхтүвшинг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалаа, Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан.
Түүнчлэн тус дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд тус зарлигуудаар Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Исланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг тус тус эгүүлэн татаж, Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг, Монгол Улсаас Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг тус тус томилсон байна.
Харин Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад болон Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суух болон Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг томилжээ.
Эмхэтгэлийн тус дугаарт Журам батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээ”-г тус тус баталсан бөгөөд журмуудаар Төрийн албаны тухай хууль болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход баримтлах ажээ. Мөн “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагад нэмэлт санхүүжилт олгох журам”-ыг тус тус баталсан байна. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-аар Дээд боловсролын тухай хуулийн 32.2.3-т заасан төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулна. Харин “Хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагад нэмэлт санхүүжилт олгох журам”-аар Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д заасан ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн болон дээд боловсрол эзэмшүүлэх шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллага Консерваторт хуулиар зөвшөөрсөн нийтлэг санхүүжилтийн эх үүсвэрээс гадна үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, онцлогоос хамаарч улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгох үйл ажиллагааг зохицуулна.
Харин “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журмыг Аймаг, нийслэлийн Засаг дарга дотоодын зах зээлд, нийслэлийн Засаг дарга олон улсын зах зээлд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцаанд баримтлах ажээ. Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.