Цэс

Холбоо барих

Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан, Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 11 дүгээр сарын 24-ний өдөр гэр хороололд баригдсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдтэй газар дээр нь танилцсан билээ.


Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан ажлын хэсэг ногоон орон сууц, ногоон санхүүжилтийн бодлогын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн бүх талын оролцоог тэгш хангах, энэ талаарх нарийвчилсан судалгаануудтай танилцаж буй бөгөөд өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаараа эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж буй “Гранд авгуш”, “Маймонсоорс” ХХК, “Тэмүүлэл” хөгжлийн жишиг, ногоон төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

“Гранд авгуш” ХХК Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд “Монголын банкуудын холбоо” ТББ-тай хамтран эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны загвар төслийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2022 оноос тус төслийг “ХАС” банктай хамтран урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй ногоон зээлийн санхүүжилтээр захиалагч нарт санал болгон үргэлжлүүлж буй аж. Төслийн давуу тал нь дулааны алдагдал бага, эрчим хүчний хэмнэлттэй, бие даасан дэд бүтэцтэй, цахилгаан халаалттай, газар хөдлөлтөд тэсвэртэй, ногоон зээлээр санхүүжүүлэх боломжтой гэдгийг тус компанийн Ерөнхий менежер Э.Амарбат танилцуулгадаа дурдсан.

Маймонсоорс” ХХК нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дараах есөн зорилтыг алсын хараа, үнэт зүйлс, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд стратегийн ач холбогдол өгч ажилладагаараа онцлог хэмээн тус компанийн менежер Б.Цацрал танилцуулсан. Тэрбээр “Ногоон” барилга нь зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын явцад сөрөг нөлөөллийг бууруулж, арилгаж, эерэг нөлөөллийг бий болгож чадах барилга байгууламж гэдгийг тэрбээр тодотгоод өөрийн компанийн барьсан барилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

“Тэмүүлэл” хөгжлийн жишиг, ногоон төслийн ач холбогдол, хүрэх үр дүнгийн талаар төслийг санаачлагчид мэдээлэл өгсөн. Төслийг санаачлах болсон үндэслэл, тулгамдаж буй асуудал, аюулгүй, хүртээмжтэй, хүнд ээлтэй хотыг байгуулах загвар төслийн талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан.

Дээрх компаниудын барьж буй орон сууц эрчим хүчний хэмнэлттэй байхаас гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигладаг, нүүрс хүчлийн хийг бууруулах ногоон байгууламжтай гэдгээрээ онцлогтойг дурдаж байлаа.

Хэдийгээр байгальд ээлтэй, хот суурин газрыг орон сууцжуулахад чухал ч бага орлоготой, гэр хорооллын иргэд хамрагдах боломж тааруу байгаа талаар ажлын хэсгийн хуралдааны үеэр хөндөж байлаа. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг банкны ногоон зээлээр худалдан авах боломжтой бөгөөд энэхүү зээлийн хүү сарын 1 хувь буюу жилийн 12 хувь байгаа нь бага орлоготой иргэдэд хүндээр тусч байгаа аж. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг гэр хороололд олноор барина гэвэл ипотекийн зээлд хамруулж, зээлийн хүүг эрчим хүчний хэмнэлтийн хувь хэмжээтэй харьцуулан бууруулах, ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлж буй компанид бүх төрлийн татварын хөнгөлөлт үзүүлж байж, орон сууцны үнэ буурна гэсэн асуудлыг хуралдаанд оролцсон “Хайбрид хаус” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ хөндөж байлаа.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд эрчим хүчний хэмнэлттэй гэдгийг хэрхэн тогтоох, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны стандарт гэрчилгээ, банкны зээл, бага орлоготой иргэдийг хэрхэн хамруулах асуудлыг хөндөн холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл