“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиуд болон “Хуулийн төсөл буцаах тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуульд Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгох болон байгууллагын төсвөөр биеийн тамир, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг тус тус хориглох, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг амралт, сувилал, жуулчны баазад зохион байгуулахгүй байх, шаардлагатай бол хот суурин газарт зориулалтын хурлын танхимд, эсхүл цахимаар зохион байгуулах зэргээр түрээс, шатахуун, албан томилолтын зардлыг хэмнэх агуулгатай хэсэг, заалт нэмсэн байна.
Түүнчлэн “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасны зэрэгцээ мөн өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан байна.
Харин “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2025 онд Өрийн удирдлагын тухай хуульд заасан зориулалтаар 300.0 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, мөн 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Төсөв, санхүү, татварын орчныг боловсронгуй болгож олон улсын стандартад нийцүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Төсвийн ил тод, үр ашигтай байдал, санхүүгийн хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч, холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Нийслэл Улаанбаатар хотоос шилжин байрших боломжтой төрийн байгууллагуудыг орон нутаг дахь төрийн болон орон нутгийн өмчийн барилга, байгууламжид байрлуулах, нийслэлд чөлөөлөгдөх барилга байгууламжийн тоо байршил, зориулалтыг судлан жагсаалт гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд холбогдох Байнгын хороонд танилцуулж, шийдвэр гарсны дараа тэднийг худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.
Түүнчлэн ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсэгт “-Ургамал хамгааллын газар” гэж нэмсэн байна.
“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: 1/бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх; 2/Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтэд үнэлгээ хийж, тусгай сан тус бүрийн зориулалт, төсөвлөлт, зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийлгэж аудитын тайланг, уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх; 3/гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах; 4/шинээр авах гадаад зээлийн санхүүжилтийг эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүсчилсэн хөгжлийн бодлого, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтад чиглүүлж, цаашид хувийн хэвшил хийх боломжтой төслүүдийг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх; 5/төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах; 6/аудитын шалгалтаар илэрсэн аливаа зөрчлийн шинжтэй асуудал тус бүрийн хариуцлагын асуудлыг Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нарийвчлан зохицуулах, холбогдох хууль хоорондын уялдааг хангах, хийдэл зөрчлийг арилгах хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх; 7/Хавдар судлалын үндэсний төвийн ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмнэлгийн зориулалтын шаардлага хангасан барилгыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн түрээс /лизинг/-ийн нөхцөлөөр өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авах; 8/Америкийн Нэгдсэн Улстай байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу шууд нислэг хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, үүнд шаардагдах нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтыг нэвтрүүлэх зорилгоор навигацийн орлогоос шаардлагатай санхүүжилтийг 2025 оны төсвийн жилд зарцуулах; 9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын харьяа шинээр баригдах хөрөнгө батлагдаагүй нэн шаардлагатай зарим газар, байгууллагуудад түрээсийн байр ашиглуулан үйл ажиллагаа явуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.