Цэс

Холбоо барих

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болж байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр (2024.12.17) Төрийн ордонд болж байна.

Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь улс орны хөгжилд нөлөө үзүүлдэг болохыг дурдав. Монгол хүний дундаж наслалт 71.5 байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр богино байгаа гэлээ. Зан байдал, зуршил нь сэтгэл зүй, сэтгэцийн улмаар бие мах бодийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг тэрбээр дурдаад монгол хүн бүр хорт зуршлаас ангид байж, эрүүл мэнддээ анхаарах нь өрхийн төдийгүй улс орны хөгжилд үнэ цэнтэй гэв. Монгол Улс дахь ерөнхий боловсролын сургуулиудын 20 хүрэхгүй хувь нь сэтгэл зүйчтэй байгаа гэдэг тоо баримтыг энэ үеэр дурдаад өсвөр насны хүүхдүүд, залуучуудын сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнөөс ажил хэрэгч, үнэ цэнтэй санал санаачилга гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан үг хэлсэн юм. Дэлхий дахинд эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг чухалчлан үзэж байгаа цаг үед “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлоход хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн зөвлөгөөний оролцогч бүрд тэрбээр чин сэтгэлийн талархал илэрхийлэв.


Сэтгэл зүйн эрүүл мэнд орчин цагт ач холбогдол өндөртэй, хүн бүрийн анхаардаг сэдэв болсныг хэлээд цар тахал нь нийгмийн харилцааг хумьж, ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлж, эдийн засагт нөлөөлсөн нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг огцом нэмэгдүүлсэн болохыг тэрбээр хэлсэн үгэндээ дурдаад “Ялангуяа манай улсад архи, мансууруулах бодисын хэтрүүлсэн хэрэглээ, цахим донтолт, мөрийтэй тоглоом зэрэг асуудлууд огцом ихсэж, үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр байна. Сургуульд суурилсан судалгаагаар суралцагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан” гэдэг тоо баримтыг үндэсний зөвлөгөөний индрээс танилцуулав. Иймд ажлын байр, сургууль, гэр орон, олон нийтийн бүхий л орчинд хувь хүний сэтгэл зүйг дэмжсэн сайн сайхныг бий болгохын тулд бүх түвшиндээ хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.


2013 оны Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 1984-1992 онтой харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин нэмэгдсэн байна. Үүний дунд сэтгэл түгшилт 18 хувьтай, архаг ядаргаа 16 хувь, нойргүйдэл 17 хувь байгаа аж.

Улсын Их Хурлын зүгээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хэлсэн. Түүнчлэн мэдрэл, сэтгэцийн эмгэгийг оношлох асуумж, судалгааг тодорхой давтамжтай хийж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх цаашдын бодлогыг тодорхойлоход талууд анхаарах хэрэгтэй талаар дурдаж байв. Төгсгөлд нь Л.Энхнасан дарга өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэх илтгэл, судалгаанууд нь Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд нэн тулгамдаад буй асуудлууд болохыг тэмдэглээд зөвлөгөөний оролцогчдоос нийгмийн сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлуудыг бодитой тодорхойлж, нотолгоонд суурилсан бодлого, арга хэмжээнүүдийг боловсруулахад үнэтэй санал, зөвлөмжийг өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.


Монголчууд эртнээсээ сэтгэлийн амар амгалан нь эрүүл мэндийн суурь хэмээн үздэг уламжлал, туршлагатай болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлээд, орчин цагт үүнийг шинжлэх ухаанаар нотолж, нийтээр хүлээн зөвшөөрдөг болсныг дурдав. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь өндөр хатуулагтай архи, тамхи, агаарын бохирдлоос үүдэлтэй, урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлүүд байдгийг дурдаад цаашид урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарах нь өндөр үр дүнтэй хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ. Төр засгаас архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд бий болсон эерэг нөлөөний талаар дурдсан. Тамхины хэрэглээ, түүнийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн танилцуулж байв. Технологийн дэвшлийн нөлөөгөөр сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудад нийтээр анхаарах шаардлага үүсснийг хэлээд энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мөн танилцууллаа. Хувь хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндээс өрхийн, нийгмийн сэтгэл зүй бүрдэх учраас бүх шатандаа анхаарч, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, үйлчилгээг чанаржуулан өргөжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхтэй холбоотой асуудлыг хөндөж байв. “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөнд оролцож буй мэргэжилтнүүд салбар хоорондын уялдааг хангаж, асуудлыг бодитой тодорхойлж, цогцоор нь хэлэлцэж үнэтэй зөвлөмж гаргана хэмээн найдаж байгаагаа илэрхийлээд бүх талаар дэмжин ажиллахаа Т.Мөнхсайхан сайд илэрхийллээ.


Дараа нь ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үг хэлсэн. Хүн амд үзүүлэх нийгмийн сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бүх түвшиндээ анхаарч буй нь хүн төвтэй хөгжлийн бодлогын илэрхийлэл гэдгийг тэмдэглээд, хувь хүний сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн нөлөөллийн талаарх баримтуудыг дурдсан. Монгол Улсын залуучуудын амиа хорлолт бүс нутгийн болон дэлхийн дундажтай харьцуулахад өндөр байгаа гээд нөлөөлөх олон шалтгаан, дэмжлэгийн тогтолцоо сул байгааг хэлсэн. Хүн сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэл дунд байдгийг дурдаад үүнээс хамгаалах, сэргийлэхийн тулд бүх нийтийн оролцоо, санаачилга чухал гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй хэлээд “Үндэсний зөвлөгөөнөөр салбар бүрийн онцлог, мэргэжлийн ур чадварыг нэгтгэн монгол хүн бүрд аюулгүй, эрүүл сэтгэц-нийгмийн орчныг бүрдүүлэх олон талт хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохоор цуглажээ. ДЭМБ бүх талаар дэмжин ажиллана” хэмээлээ.


НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нийгэм, цаг үе, технологийн өөрчлөлт залуучуудын сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлээд талууд үүнд анхаарах шаардлагатай гэв. Эдгээрийг бууруулах чиглэлээр Монгол Улс боловсролын хөтөлбөр дэх эрүүл мэндийн агуулгыг сайжруулж, сэтгэл зүйн эрүүл мэндийн агуулгаар баяжуулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлэн бэхжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүх төрлийн хүчирхийллээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, залуучуудыг мэдээлэлжүүлж, сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах санал санаачилгад оролцуулах шаардлагатайг тэмдэглэсэн. Монголын залуучуудын сэтгэл зүй, сэтгэцийн асуудлыг анхаарах нь нэн чухал байгааг тэрбээр хэлээд залуу хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалсан, нийгэм, эдийн засгийн бат бөх байр суурьтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газар манлайлж, иргэний нийгэм, хөгжлийн түншлэлийн хүрээнд хамтрах боломж бий гээд үндэсний зөвлөгөөний оролцогчдод амжилт хүсэв.


Ийнхүү “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал”  сэдэвт илтгэл танилцуулсан. Тэрбээр “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн талаар товч танилцуулаад хувь хүний сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэн үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөө, үр дагаварыг дурдсан. Өрхийн орлого нь нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдалтай уялдаатай байдгийг тоо баримтад үндэслэн тайлбарлаад, өрхийн зарлага орлогоосоо тодорхой хувиар, тогтмол их байгаагийн нөлөөгөөр гэмт хэрэг нэмэгдэж, гэр бүл салалтад нөлөөлж байгаа гэв. Иймд иргэн бүр гэмт хэргийн хохирогч болох эрсдэл дунд аж төрж байгааг дурдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өвчлөлийн дарамтыг үнэлсэн 2019 оны судалгааны дүнг танилцуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн амиа хорлолт, депресс, архины хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөн, үүнээс үүдсэн үр дагаварыг тайлбарлав. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт өөр үр дүнтэй байгааг судалгаанд дурджээ. Сэтгэл гутралын түвшнээр манай улс олон улсын дундажаас дээгүүр, амиа хорлолтын талаарх тоогоороо бүс нутаг, олон улсын дундажаас мөн өндөр байгааг танилцуулсан. Дийлэнх улс оронд өндөр настнуудын амиа хорлолт их байдаг атал манай улсын хувьд залуучуудын амиа хорлолт өндөр байдаг нь нийтээр анхаарах, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсны илэрхийлэл гэлээ. Иймд салбар хоорондын уялдааг хангаж, тогтолцоо бүрдүүлэн, цогцоор арга хэмжээ авах шаардлагатай гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр олон улсын түвшинд нийтлэгээр, үр дүнтэй хэмээн хэрэгжүүлдэг зургаан хөтөлбөрийн талаар нэгбүрчлэн танилцуулаад үүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай хэмээсэн.


“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд" сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл