Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр /2024.12.12/ Уругвай Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Мартин Орландог хүлээн авч уулзав.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, газарзүйн хувьд алслагдмал оршдог хэдий ч гурван сая гаруй хүн амтай хоёр том хөршийн дунд оршдог геополитикийн онцлог байршил, ардчилсан засаглал, уламжлалт хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбартай зэрэг олон талаар адил төстэй Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд гуравдагч хөршийн бодлогын хүрээнд манай улс чухал ач холбогдол өгдгийг уулзалтын эхэнд онцлов.
Мөн тэрбээр хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа бизнес, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх өргөн боломж буйг тодотгоод, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах зүйл бидэнд их байгаа хэмээлээ.
Уругвай Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Мартин Орландо, улсын ирэх оны төсвөө амжилттай баталсанд баяр хүргээд, цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ирэх оны гуравдугаар сард Уругвай Улсын шинэ парламент, шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөн үүрэгт ажилдаа орно хэмээгээд, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн ардчилсан засаглалтай, адил зүйл олонтой хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чин хүсэлтэй байдгийг онцлоод, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын яамд хоорондын, Монгол Улсын Их сургууль, Уругвайн Үндэсний их сургууль хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийн талаар Төсвийн байнгын хорооны даргатай санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.