Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2024.12.11) гишүүдийн 54.5 хувийн ирцтэй хуралдаж, “Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчээр бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулахад хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Байнгын хорооноос дээрх зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэх иргэнийг сонгох зорилтын хүрээнд Байнгын хорооны холбогдох тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэх зарыг нийтэд нээлттэй мэдээлж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах юм. Ингээд Байнгын хорооны энэхүү тогтоолын төслийг батлахыг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.