Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 47 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай  хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй  болсонд тооцох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиуд болон “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай”, “Ерөнхийлөгчийн хоригийн тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай”, “Хууль, тогтоол хүчингүй болсонтой  холбогдуулан авах арга хэмжээний тухай”    Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-нд Монгол Улсын Их Хурлын  дараах стратеги зорилгуудыг тодорхойлсон байна. Үүнд: 1.Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ. 2.Монгол Улсын Их Хурал үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн амин чухал эрэлт, хэрэгцээг тооцсон цогц шийдвэр гаргана. 3.Монгол Улсын Их Хурал шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжинэ. 4.Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ. 5.Монгол Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлнэ. “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан байна. Мөн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Сайнзоригийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Лхагвасүрэнгийн Соронзонболдыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Наранцэцэгийн Алтаншагайг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Сонгобайн Замираг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Наранцэцэгийн Алтаншагайг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Лхагвасүрэнгийн Соронзонболдыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Пүрэвжавын Сайнзоригийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан байна. Түүнчлэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан дараах Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцсон. Үүнд: 1/Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухайМонгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоол; 2/“Засгийн газарт чиглэл өгөх тухайМонгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр тогтоол; 3/““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоол; 4/“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дүгээр тогтоол. Харин “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Дүрэм батлах тухай”, Дүрэм шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал,  “Журам батлах тухай” тогтоолуудын хавсралтаар “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам” болон “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг тус тус баталсан байна. Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-аар багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр суралцагч, багш мэргэжлээр дадлагажигч, орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш болон багш, ажилтны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах нэг хүүхдэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулна. Харин “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-аар Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3-т заасны дагуу багш, ажилтанд улсын төсвөөс мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах юм байна.  Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах дүрэм”-ийг баталсан бөгөөд тус дүрмийг Зөвшөөрлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасны дагуу пиротехникийн хэрэгсэлтэй холбогдох тусгай зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгж байгууллага, үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгсэл ашиглахаар мэргэжлийн туслалцаа авч байгаа захиалагч болон хэрэглэж байгаа байгууллага, хэрэглээний зориулалттай пиротехникийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа иргэн дагаж мөрдөх юм. Харин  Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийг баталсан бөгөөд тус дүрмийн зорилго нь худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагчийн чиг үүрэг, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг зохицуулах, улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг тогтоох ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл