Цэс

Холбоо барих

ТЗХДХ:Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа


Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2024.12.09/ хуралдаан 18 цаг 51 минутад гишүүдийн 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсныг дурдаад төсвийн төсөлд зардлыг бууруулахад баримталсан зарчмыг танилцуулав.


Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж,  түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулахгүй байхаар тусгажээ.

Харин салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардал мөн, соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь тус тус бууруулах, эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулахаар тусгасан гэв.


Мөн улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь бууруулахаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулсан байна.

Түүнчлэн тэрбээр танилцуулгадаа, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгахын зэрэгцээ гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах, зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төсөл болон  гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулахаар болсныг дурдав.


Ингээд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Аудитын дүгнэлтэд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байгаагийн зэрэгцээ Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 41.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцааны түвшинд байгааг дурджээ.


Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг анх удаа алдагдалгүй төлөвлөсөн нь төсвийн төлөвлөлтөд ахицтай үзүүлэлт болжээ гэсэн байв.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёроос дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг тус тус хангасан байна гэсэн байлаа.


Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор дурдаад  анхаарах шаардлагатай асуудлын талаар танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Д.Батлут, Д.Батбаяр нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал,  Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Засгийн газраас томоохон төслүүдээ явуулах асуудлыг хэзээ өргөн мэдүүлэх, Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн ажлын явцын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд уналттай байна гэсэн аудитын дүгнэлтийг бодитой эсэх талаар тодруулав.


Сангийн сайд Б.Жавхлан, томоохон төслүүд, бүтээн байгуулалтын ажлыг төсвөөс гадуурх өөр эх үүсвэрээр хэрэгжүүлэхэд, хувийн хэвшлийн түншлэл, Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг эрх зүйн орчноо яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна гээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг удахгүй өргөн мэдүүлнэ гэж байлаа. Мөн Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулах олон улсын гэрээнд бид ул суурьтай, олон талаас нь  ярилцах нь зүйтэй гэсэн тайлбарыг өгсөн.

Харин Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням хариултдаа, Төсвийн тогтвортой байдлын хуулийн 6.1.1-т заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх гэсэн шаардлагын хүрээнд 2025 оны төсвийн төсөлд зэс, нүүрсний үнийг тонн тутамд тооцсон ам долларыг нягталсан. Мөн Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны боловсруулсан харьцуулсан судалгаа, Дэлхийн банкнаас гаргасан тооцоололд үндэслэж, орлого тасалдах эрсдэлтэй байгаа тул дараагийн арга хэмжээ авахад бэлэн байх гэсэн дүгнэлт өгснийг онцолж байлаа.


Ингээд хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяраас гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл