Цэс

Холбоо барих

ИЦББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.12.09 Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахв хэлэлцүүлгийг явууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсан гээд төсвийн төсөлд зардлыг бууруулахад баримталсан зарчмыг танилцууллаа. Тухайлбал, нэгдсэн төсвийн нийт орлогын төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байгаа ажээ.

Түүний дараа 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулав.  Тэрбээр, аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан эсэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод нийцсэн эсэхийг хянаж, дүгнэхэд чиглэсэн. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33,470.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 3,173.4 тэрбум төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий 3.3 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар тус тус төлөвлөжээ. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч анхаарах асуудлуудыг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэнээс төр өөрт байгаа мэдээллээ асуухгүй гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа болон “ХУРДАН” төвүүдийг хороо, багт байгуулах ажлын явц, ирэх онд цахим эрүүл мэнд хөтөлбөр хэрэгжих боломжтой эсэхийг тодруулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, төрийн байгууллагууд мэдээллээ дижитал хэлбэрт шилжүүлсэн боловч, солилцох ажил удаашралтай байна. Манай яамнаас ажлын хэсэг гарган ажилласан. Нэгдүгээрт, хууль хяналтын байгууллагууд цаасаар биш цахимаар мэдээллээ өгөхийн тулд журамдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Ирэх оны 1 дүгээр улиралд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж шийдвэрлэнэ. Нөгөө талаар төрд байгаа мэдээллийг зарим хувийн хэвшлийн байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй хандлага байна. Ялангуяа банк, санхүүгийн байгууллагууд E-Mongolia платформыг хүлээн зөвшөөрөхгүй, иргэдээс цаасан лавлагаа нэхэж байна. Бид энэ асуудлаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 улсын 47 хотод, Монгол Улсын хэмжээнд 265  газарт “ХУРДАН” төв байгуулагдсан. Тиймээс иргэд төрийн үйлчилгээг баг, хорооноосоо авах боломж бүрдэж байна. “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрт улсын төсвөөс хөрөнгө тусгаагүй боловч Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарыг цахимжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэв. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, төсөв дахин өргөн барихдаа боловсролын салбараас 150 орчим тэрбум хасагдсан нь энэ салбарт эрсдэл дагуулах эсэх, цахим халдлагаас хүүхэд, залуучуудыг хамгаалах талаар ямар ажил хийж байгаа тухай асуув.

Ажлын хэсгийн гишүүд, төсвийн төслийг дахин өргөн барихад бүх яамдын урсгал зардлаас 10 хувийг тэгшитгэж хассан. УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан ажлын хэсгүүд төсвийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажиллаж байна. Цахим халдлагаас хүүхэд, залуучуудыг сэргийлэх талаар яамдын хамтын ажиллагаа чухал байна. Цахим халдлагаас сэргийлэхийн тулд 90 гаруй мянган иргэнд сургалт зохион байгуулахаас гадна хүүхдүүдэд зориулсан контент бүтээх чиглэлд илүү анхаарч байна. Боловсролын салбарт зарцуулах 472 тэрбум төгрөгийн хүрээнд 89 сургууль, 69 цэцэрлэг барихаар төлөвлөж байна. Зарим сургууль, цэцэрлэгийн тендэр зарлагдаагүй учраас төсөв хасагдсан гэсэн хариулт өгөв. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Ч.Ундрам хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын урсгал зардлын ангилалд буй өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн 1,5 тэрбум төгрөгийг  боловсролын салбарын цэцэрлэгийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд шилжүүлэх гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. 

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуульд заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл