Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 46 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 321 дүгээр зүйл, хэсэг нэмсэн байна. Үүнд: 321 дүгээр зүйл. Төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, батлах

321.1.Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

321.2.Энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийн танилцуулга, тооцоо, судалгааг энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна.

321.3.Энэ хуулийн 321.1-д заасны дагуу төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй.

321.4.Энэ хуулийн 321.1-д заасны дагуу өргөн мэдүүлэх төсвийн төсөлд энэ хуулийн 8.4, 8.5 дахь хэсэг, 281 дүгээр зүйл хамаарахгүй.

321.5.Улсын Их Хурал энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална.” гэжээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Төсвийн тухай хуулийн 321 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлахгүй байхаар заасан бөгөөд мөн энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69, 70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталж дуустал хугацаанд дагаж мөрдөх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл