“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 562,125.2 сая төгрөгийг хуримтлуулах юм байна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч 2,525,575.8 сая төгрөгийн хэмжээтэй орлогыг төвлөрүүлэх юм байна.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-ийг 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г, 3 дугаар хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-ийг тус тус баталсан бөгөөд тус төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: 1/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах; 2/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх болон бусад төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах; 3/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, хэрэгжилтийн тайланг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах. Харин “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ыг баталсан бөгөөд тус цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байнгын хороодын дарга нарт, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгасны хамт Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгуулах саналаа 2024 оны намрын ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхийг Байнгын, дэд хороонд үүрэг болгосон байна.
“Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатарыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр баталжээ.
Түүнчлэн “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоосон байна. Үүнд: 1.Төрийн бүх байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулиа дээдлэн залах. 2.Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалах. 3.Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах. 4.Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.