“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод зориулан НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд технологи ашиглан үйлдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг театрчилсан хэлбэрээр үзүүлэв. Өсвөр насны охин гэр бүл, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн, насанд хүрэгчдийн бодит болон цахим хүчирхийлэлд өртөж буй агуулга бүхий “Анир чимээгүйг эвдэх нь” хэмээх энэхүү үзүүлбэрийн дараа залуучууд энэ сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Хоёр дахь өдрөө (2024.12.08) үргэлжилж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар “Технологи ба хүний эрх” сэдэвт хичээл заав. Тэрбээр технологи нь эерэг, сөрөг нөлөөтэйг дурдаад, эдгээрийг хүний эрхийн талаас нь тайлбарласан. Хүн цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Харин эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд интернэтэд холбогдох, төхөөрөмж хүртээмжтэй байх шаардлагатай. Дэлхийн хүн амын 50 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол Монгол Улсын хувьд харьцангуй өндөр буюу нийт хүн амын 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг байна. Үргэлжлүүлэн хуульч Л.Галбаатар монголчуудын интернэтийн хэрэглээ, цахим орчин дахь хүний эрхийн асуудал, энэ талаарх эрх зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Интернэт орчинд иргэдийн эдэлж болох олон давуу талын нэг нь төр, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх бөгөөд Улсын Их Хурал үйл ажиллагаандаа технологийг нэвтрүүлэн нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг хүлээн авах D-Petition талбарыг хөгжүүлснээр Монгол Улсын иргэд аливаа хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон нийтийн анхаарал татсан асуудлаарх санал асуулгад оролцох боломж нээгдсэн болохыг хэлээд хэд хэдэн жишээ дурдав. Мөн төрийн аливаа үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад цахим орчин нэн чухал түшиц болж байгаа гээд иргэд идэвхтэй, үр ашигтай ашиглах нь олон талын ач холбогдолтой талаар мэдээлэл өгсөн.
Цахим орчин дахь халдашгүй байх эрхийн талаар танилцууллаа. Цахим орчинд нээгдэж буй боломжуудтай зэрэгцэн бий болсон эрсдэлүүд, тэдгээрийн талаарх зарим баримт, тохиолдол, бусад орны жишээ, эдгээрээс сэргийлэхийн тулд технологийн компаниудаас эхлэн хувь хүн хүртэлх үүрэг, сэрэмж, арга хэлбэрийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд дахь онцлог зохицуулалтуудын талаар тайлбарлав. Түүнчлэн хүний интернэттэй байх эрхийг баталгаажуулсан олон улсын баримт бичгүүдийн талаар нэгбүрчлэн дурдаж, тус бүрд нь тайлбарлав.
Технологийн сөрөг нөлөөний талаарх танилцуулгадаа тэрбээр Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг жишээ болгосон. Хүний давтагдашгүй өгөгдлийн сан бүрдүүлж, янз бүрийн зорилгоор хэрэглэж байгаа нөхцөл байдал, түүнээс үүдэх сөрөг үр дагавар, бусад орны жишээг хуваалцсан. Технологийн хэрэглээ, хөгжил нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа олон жишээг дурдаад, энэ чиглэлээр бусад улс орон хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Л.Галбаатар хуульч “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод танилцуулав.
Сургалтад их, дээд сургуулиудын 100 гаруй оюутан оролцож байгаа бөгөөд “Технологи ба хүний эрх” хичээлийн дараа хэлэлцүүлэг өрнүүлж Л.Галбаатар хуульчаас сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан юм.
Сургалт "Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлээр үргэлжиллээ. Хүний эрхийн хамгаалагч болохоор суралцаж буй оюутан, залууст хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа, сургалтыг хэрхэн бие даан төлөвлөх, гүйцэтгэх талаар Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал, энэхүү сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан заасан юм. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар буюу НҮБ-ын тогтолцоонд хүний эрхийн асуудлыг дагнан хариуцдаг байгууллагын дэргэд хүний эрхийн боловсрол олгох сургалтын нэгж ажилладаг байна. Тус байгууллага “Өөрийн амьдарч байгаа нийгэмдээ хүний эрхийг бодит болгох нь хамтын, дундын хариуцлага” хэмээн хүний эрхийн боловсролыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл аль тив, ямар улсад амьдарч байгаагаас үл хамааран хүн бүр оршин буй орчин, нийгэмдээ хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад хувь нэмрээ оруулах үүрэгтэйг онцлов.
Монгол Улсын залуучууд хүний эрхийн мэдрэмжтэй байж, хаа байгаа газартаа, эх орондоо, гадны улс оронд ч хүний эрхийг хүндэтгэдэг, хамгаалдаг, хангадаг байхын ач холбогдлыг дурдаад, хэн нэгэн хүний эрх зөрчигдөж байгааг, хэн нэгний эрхэд халдаж байгааг таслан зогсоож, хамгаалдаг байхын чухлыг тайлбарласан. Мөн хүний эрхийн чиглэлээр ямарваа нэгэн арга хэмжээ авах, шийдвэр гаргах үйл явцад оролцож, нөөцийг хуваарилахад дуу хоолойгоо хүргэх нь хүний эрхийг хангах үйл явцад оролцож байгаа хэлбэр гэдгийг тодотгов. Энэ агуулгаараа оролцогчид хөтөлбөрийн хүрээнд суралцсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан байгаа орчныхоо, өөрийн хүрээллийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, тухайн нөхцөл байдалтай хүний эрхийн асуудлыг холбон тодорхойлж, шаардлагатай агуулга, чиглэлээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаагаа явуулах боломжтойг хуваалцаж, холбогдох арга зүйг хуваалцав.
“Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлийнхээ төгсгөлд сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан “Сургууль, хамт олон цаашилбал нийгмээ өөрчлөх, хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах бид бүгдийн хамтын ажиллагаа эхэлж байна. Монгол Улсын парламентын зүгээс бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа оюутан, залуусын оролцоог хангах, дуу хоолойг тусгахад бэлэн байгаагаа илэрхийлэн энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байгааг дахин хэлэхэд таатай байна” гэв.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын ахалж буй энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, М.Ганхүлэг, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат, М.Сарнай, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа юм.
“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын энэ өдрийн хичээлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал оролцсон. Тэрбээр хоёр өдрийн сургалтын төсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхний сайн дурын санал, санаачилгад тулгуурлсан энэхүү хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжин ажиллаж байна. Хоёр өдрийн сургалтаар та бүхэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, мэргэжилтэн, судлаачдаас хүний эрхийн талаарх дэлгэрэнгүй, сургалт, хичээл сонсож, суралцлаа. Цаашид та бүхний санал, санаачилгад суурилж хүний эрхийн боловсрол түгнэ. Энэхүү үйл ажиллагаатайгаа холбоотойгоор бидэнд нээлттэй хандаарай, дэмжин ажиллах болно” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидээр ахлуулсан хамт олон боловсруулж, 2003 онд Улсын Их Хурал баталж байсныг дурдав. Үүнээс 21 жилийн дараа Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг боловсруулж, энэхүү хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдоор эхэлж байгааг Х.Баасанжаргал гишүүн онцлоод “Энэ танхимд суугаа оюутан та бүхэн нэг талдаа Монгол Улсын парламентын түвшинд залуучуудыг төлөөлөх, дуу хоолойг хүргэх, шийдвэр гаргалтад оролцох өндөр хариуцлага, итгэл хүлээж байгаа" хэмээгээд хүний эрхийг хангах, хамгаалах, энэ төрлийн боловсролыг түгээх чиглэлээр нээлттэй хамтран ажиллахыг уриаллаа.
Их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс санаачлан Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн хамгаалагчдыг бэлтгэх зорилготой энэхүү сургагч багшийн хөтөлбөр нь 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.