Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимид агсны мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн докторууд, академичид оролцож олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Ардчилсан Үндсэн хууль болон Б.Чимид агсан, түүний зүтгэж, бүтээж явсан олон салбарууд, бүтээл туурвилуудыг тойрсон илтгэлүүдээс тэр хүн хэчнээн өргөн хүрээнд сэтгэж, холыг харж, зөв чигчийг баримталж, тууштай хөдөлмөрлөснийг харж болохоор ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, академич П.Очирбат Үндсэн хуулийн хамт үргэлжилж буй Б.Чимид агсны үйл хэрэг сэдэвт илтгэлдээ, шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг тэрбээр 1988 оноос буюу БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн хэлтсийн дарга байхаасаа эхэлсэн гэсэн юм. Энэ ажил тасралтгүй үргэлжилсээр хууль тогтоох байнгын дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх асуудал болон өөрчлөгдөж, “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” хэлбэрээр 1990 онд Ардын Их Хурал баталсан хэмээгээд тэрбээр, 1988-1992 онд нийт 35 сарын турш Шинэ Үндсэн хуулийг тархиндаа бясалгаж, цаасан дээр буулгаж, олон шат дамжин хэлэлцүүлж, Их Хурлын индрээс 60 хоног буулгүй зогсож хэлэлцүүлэн батлуулсан түүний үйл хэрэг үргэлжилсээр байгааг хүндэтгэн илэрхийлэв. Тэрбээр өөрийн хийсэн судалгаанд үндэслэн Үндсэн хуулийг хууль тогтоогчид хамгийн их зөрчдөг хэмээн дүгнэснээ анхааруулж, 1999 оноос эхлэн Үндсэн хуульд оруулсан таван удаагийн өөрчлөлтөөр ямар үр дүн гарч, яаж сайжирсан бэ гэдгийг ард түмэнд тайлагнаж танилцуулахгүй байгааг шүүмжилсэн юм. Мөн Үндсэн хуульд хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулсан боловч дээрх нэмэлт, өөрчлөлтүүдийг хууль болгон батлаагүй нь эрх зүйн зөрчил үүсгэж байгааг анхаарууллаа. Тэрбээр Үндсэн хуулийг Цэц бус иргэд хамгаалдаг гэдгийг мөнхүү тодотгоод, “Үндсэн хууль таны төлөө, иргэн бидний төлөө, Засаг төрийн байгууллагын дур зоргийн эсрэг сөрөн зогсдог гол хууль юм. Иймд түүнээс хөндий байж болохгүй” гэсэн Б.Чимид агсны эшлэлийг хуралд оролцогчдод сануулав.
Төрийн шагналт, академич С.Нарангэрэл Б.Чимид агсны Монголын эрх зүйн боловсрол, хууль зүйн шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн болохыг илтгэсэн бол “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тейлор Үндсэн хуулийн төслийг боловсруулахад бүх нийтийг хамруулсан үйл явц, түүний ач холбогдлын талаар, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл ардчилсан хувьсгалд Б.Чимид агсны оруулсан суу билигт оролцооны тухай илтгэл тавилаа. Улсын баатар Э.Бат-Үүл тоталитар дарангуйллаас ардчилсан, эрх чөлөөт нийгэм рүү хуулийн дагуу шилжүүлэх гэдэг байж боломгүй, авцалдаагүй, бусад улс орнууд цус урсгаж, хүчирхийллээр шийдэж ирсэн асуудлыг Б.Чимид агсан сод санаагаар хэрэгжүүлж чадсан гэсэн юм. Тэрбээр, социалист Үндсэн хуулиас Ардчилсан Үндсэн хууль руу шилжих “шилжилтийн Үндсэн хууль”-ийг Б.Чимид агсан боловсруулж, түүнийгээ Ардын Их Хурлаар батлуулж, улмаар шинэ Ардчилсан Үндсэн хуулиа ёслол төгөлдөр батлуулсан хэмээн онцлоод, энэ шилжилтийн хууль бол ардчилсан шилжилтийг хэрэгжүүлэх замын зураг байсан гэдгийг тэмдэглэлээ.
Улсын Бага Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр “Төсөл, хууль хоёрын ялгаа зөрүү буюу Б.Чимидийн эрх зүйн философийн тухай” илтгэлдээ шинэ Үндсэн хуулийн төслийн гол агуулга, философийг тэрбээр 1988 онд өөрчлөн байгуулалтын үзэл баримтлалын үндсэн дээр боловсруулж, социалист ардчиллыг хөгжүүлэх, өөрөө удирдах ёсыг хэвшүүлэх зарчмыг чухалчилна хэмээн тодорхойлж байсныг тэмдэглэн үлдсэнээ танилцуулсан юм. БНМАУ-ын эдийн засгийн үндэс нь социалист өмч хэдий ч хувиараа хөдөлмөр эрхлэх эрхийг хангах, амины өмчийн эрхийг хамгаалсан заалт заавал оруулах ёстой хэмээн Б.Чимид агсан ярьж үлдээснийг тэрбээр тэмдэглэжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Үндсэн хуулиар баталгаажуулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид нутгийн өөрөө удирдах болон төрийн удирдлагыг хослуулан хэрэгжүүлэх асуудал, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент ба түүний ерөнхий нарийн бичгийн даргын гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавив.
Б.Чимид агсны “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын агуулгыг товчлон шинжилсэн илтгэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор О.Мөнхсайхан монголчуудын төрт ёс, хууль дээдлэх ёсыг Б.Чимид агсан хаант ёс, социалист чиг баримжаатай Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт буюу хууль цаазат ёс хэмээн гурван их үед ангилж үзсэнийг тэмдэглээд, хууль дээдлэх ёс хэрэгжиж байгаа, эсэхийг нягтлах 12 шинжийг нарийвчлан тодорхойлсон нь ихээхэн ач холбогдолтойг онцоллоо. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсны шалтгаан нь Монголын нийгмийн улс төр, эдийн засаг, нийгэмшил, соёл оюуны үндэс Үндсэн хуулиар шинэчлэгдсэн, мөн Үндсэн хуулийн гүйцэтгэх чиг үүрэг өмнөх социалист нийгмийнхээс эрс өөрчлөгдөж, өсөн нэмэгдсэн явдал гэдгийг Б.Чимид агсан энэ бүтээлдээ тайлбарлаж, хууль дээдлэх ёсны суурь нь Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс болохыг тогтоожээ. Ард түмний үзэл бодол, хүсэл зоригийг аль нэг нам, ямар нэгэн шашин бүхэлд нь төлөөлөн нэгтгэх боломжгүй бөгөөд түүнийг гагцхүү “Үндсэн хуулиар томъёолж, дагуулахаас өөр арга зам одоогоор нээгдээгүй”-г Б.Чимид агсан тухайн бүтээлээрээ тодорхой илтгэж, Үндсэн хуулийг дээдлэх үзэл, дадлыг суулгах 10 аргыг 2006 онд санал болгож байсныг доктор О.Мөнхсайхан илтгэлдээ онцолсон юм. Эдгээр аргууд өнөө хэр бүрэн хэрэгжээгүйг тэрбээр дурдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Б.Чимид агсан таагүй хандаж байсныг эш, баримтуудаар нотлон өгүүлэв. Үндсэн хууль тогтвортой байж, түүнийг танин мэдэж, тууштай сахин биелүүлснээр хүн үндсэн эрхээ баталгаатай эдэлж, Монгол төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл хангагдана гэж Б.Чимид агсан захиж үлдээснийг тэрбээр илтгэлдээ онцоллоо.
Профессор Б.Чимид МУИС төгссөнөөсөө хойш хуулийн багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрч зэрэг хариуцлагатай ажил албыг эрхэлж, энэ бүх салбарт ихээхэн үр бүтээлтэй ажилласан юм. 1978 оноос нийт таван удаа дараалан депутат, гишүүнээр сонгогдож, хууль тогтоох ажиллагаанд гар бие оролцохдоо 1991 оноос Улсын Бага Хурлын арын албыг хариуцаж Тамгын газрыг тэргүүлжээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн судалгааг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийн талаар Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн профессор Г.Жаргал, Шүүх яамны сайдаар ажиллах хугацаандаа хийсэн шинэлэг ажлууд, хууль зүйн албыг бэхжүүлэх үйл хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нар тус тус илтгэл тавив. ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны сургуулийн Удирдах зөвлөлийн дарга асан МУИС-ийн хүндэт доктор Юрген Харбих тэртээ Мюнхен хотоос хуучны анд нөхрийнхөө тухай дотно нандин дурсамж-илтгэл бичиж ирүүлснийг Ханс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк уншиж танилцуулсан юм. Мөн Шүүхийн захиргаа, тэр дундаа шүүхийн төсөвтэй холбоотойгоор Б.Чимэд агсны амьдралынхаа сүүлийн хориод жилд хийсэн судалгаануудын талаар Хууль зүйн ухааны доктор Б.Өлзийсайхан, Үндсэн хууль тогтвортой байх тухай буюу нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд түүний баримталж байсан байр суурь, үзэл баримтлалын талаар Шихихутаг Их сургуулийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Нармандах, Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудлаарх түүний үзэл, философийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан илтгэл тавилаа.
Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд оролцогчид Б.Чимид агсан, түүний үйл хэргийн талаар өөр өөрийн дурсамжийг ярьж, Монгол Улсын хууль, эрх зүй, төр, захиргааны нэрт зүтгэлтэн, эрхэм хүнийг эргэн дурссан юм. Үндсэн хуулийн төслийг боловсруулж байх үед нь түүнтэй ойр дөт ажиллаж, зөвлөн тусалж байсан Азийн сангийн зөвлөх асан Том Гинзбург, Юрген Вилке нар АНУ болон ХБНГУ-аас тус тус видео мэндчилгээ ирүүлж, Монголын нэрт эрдэмтэн, их хүмүүний тухай мартагдашгүй нандин дурсамжаа хуваалцсанаар хурал өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.