Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.04) НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүмүүнлэгийн болон энхийг дэмжих салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, “Найрамдал” медалиар шагнуулсанд баяр хүргэлээ.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн үндэсний хэрэгжилтэд дэмжлэг болох хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, зохицуулах зэрэг үйл ажиллагааг Засгийн газрын зорилт, тэргүүлэх чиглэл, НҮБ-ын системийн байгууллагын зорилготой уялдуулан ажилладгаас гадна үйл ажиллагаандаа стратеги төлөвлөлт, түншлэл, хөгжлийн санхүүжилт, дата удирдлага, үр дүнгийн хяналт, тайлагналт, мэдээлэл харилцааны чиглэлийг анхаарч ажилладаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.