Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан судалгаа, шинжилгээний бүтээлийг хүлээн авна.
1.Нэр дэвшүүлэх бүтээлд тавих шаардлага:
Холбогдох байгууллагаас нэр дэвшүүлсэн эрдэмтэн, судлаач, судлаачийн багийн туурвисан бүтээл нь ном, эсхүл гадаад улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл байх бөгөөд зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.
2.Нэр дэвшүүлэх бүтээлийн чиглэл:
- Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох;
- Парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх;
- Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх.
3.Нэр дэвшүүлэх байгууллага:
- Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага;
- Их, дээд сургууль;
- Төрийн байгууллага болон бусад байгууллага.
4.Бүрдүүлэн ирүүлэх баримт бичиг:
- Нэр дэвшүүлж байгаа бүтээл болох ном, судалгааны өгүүлэл (цаашид “бүтээл” гэх);
- Бүтээлийг нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн байгууллага болон бусад байгууллагын хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, албан ёсны шийдвэр;
- Бүтээлийн Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр оруулсан хувь нэмэр, үр дүн, бүтээлд дэвшүүлсэн шинэлэг санааг тайлбарласан дэлгэрэнгүй танилцуулга;
- Бүтээлийн талаар тухайн салбарын хоёроос доошгүй эрдэмтний шүүмж, эсхүл мэргэжлийн холбооны удирдах төв байгууллагаас бүтээлд өгсөн тодорхойлолт;
- Бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачийн танилцуулга;
- Эрдэмтэн, судлаачийн бүтээлийн жагсаалт;
- Бүтээлээс гадаад улсын судалгааны бүтээлд эшлэл авсан бол энэ тухай баримтыг хавсаргаж болно.
5. Нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах хугацаа:
Нэр дэвшүүлсэн бүтээл, холбогдох баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /“Б.Чимидийн нэрэмжит шагнал"-д нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах, баримт бичгийн бүрдэл, бүтээлийн агуулгыг судлан танилцуулга бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг/-т хүлээн авна.
Холбоо барих утас: 51-265152 /Хуулийн газар/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР