Цэс

Холбоо барих

ТБХ:Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.03/ хуралдаан 11 цаг 47 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн нэгдүгээр зүйлийн 32.15 дахь хэсгийг “энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийг Улсын Их Хурал ажлын 7 хоногт багтаан, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээд шатны төсөв батлагдсанаас хойш ажлын 5 хоногт багтаан хэлэлцэж, дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжлээ.


Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаас төслийн нэгдүгээр зүйл  буюу 321.1 дүгээр зүйлийн 321.2, 321.3 дахь хэсгийн “нэгдсэн” гэснийг  хасах,  мөн 321.1 дүгээр зүйлийн 321.4 дэх хэсгийн “8.4, 8.5 дахь хэсэг” гэснийг “8.4, 8.5 дахь хэсэгт заасан хугацаа” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  тус тус дэмжсэнгүй.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл