УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын Монгол дахь орлогч дарга Кан Жунрёо болон шинжээч, хөтөлбөрийн ажилтнууд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн засаглалын хөтөлбөрийн судалгааны багийнхантай өнөөдөр /2024.12.02/ уулзлаа.
Уулзалтаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад чиглэсэн төсөл хөтөлбөрийн үр дүн болон дараагийн шатны хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, энэхүү төсөл хэрэгжсэнээр эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, УИХ-ын 9 дэх удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдлоо. Ингэснээр манай улсын улс төрийн түүхэнд төдийгүй Ази тивдээ ч жендэрийн тэгш байдлыг хангахад томоохон ахиц гаргасан гэдгийг онцлов. Мөн тэрбээр, Энэ удаагийн парламент хүн төвтэй үзэл баримтлалыг дээдлэн ажиллаж, хууль тогтоох бүхий л үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг гол зорилго хэмээн тодорхойлж байна. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөөний үндсэн зорилт нь хүн төвтэй парламентыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа хэмээгээд, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагатай Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
КОЙКА байгууллагын Монгол дахь орлогч дарга Кан Жунрёо, хүн төвтэй парламентын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлээд, энэ удаагийн парламентад таван намын төлөөлөл багтаж, улмаар олон эмэгтэй хууль тогтоох байгууллагад сонгогдсон учраас хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна гэлээ. Мён УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төслийн нэгдүгээр шатны амжилтаа бататгах хүсэлтэй байна гээд, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөтэй танилцаж, төсөл хөтөлбөрөө уялдуулан чиглүүлэн ажиллах саналыг дэмжиж буйгаа илэрхийлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.