Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.27/ хуралдаан 15 цаг 25 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан.
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн оржээ. Конвенцын зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад оршиж буй аж. Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад үйлчилнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байв.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцод нэгдэн орсноор Монгол Улс хүлээсэн үүргээ хэр биелүүлэх талаар лавласан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах үед иргэдийг энэ талын мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит мэдээлэл хүргэх шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Иймд ажлын хэсгээс энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариултдаа, Энэ конвенцыг соёрхон батлах зайлшгүй шаардлагатай бөгөөд 1994 оны уг конвенц нь цөмийн байгууламжуудын аюулгүй ажиллагаатай холбоотой заавал дагаж мөрдөх баримт бичиг. Товчоор хэлбэл, Олон улсын атомын энергийн агентлагаас цөмийн байгууламжууд нь байгаль орчинд ээлтэй эсэх, хүний эрүүл мэндэд аюулгүй байхад чиглэсэнд хяналт тогтоох зорилготойгоор гаргасан конвенц гэдгийг онцолж байлаа.
Ингээд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив.
Дараа нь Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан. Салбарын сайд танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан. Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд, дэмжсэн гэдгийг онцлов.
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь энхийн зорилгоор ашиглах цөмийн материалыг олон улсын хэмжээнд аюулгүй тээвэрлэх, биечлэн хамгаалахад, конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь энхийн зорилгоор ашиглаж байгаа цөмийн байгууламж, цөмийн материалын үр дүнтэй биечлэн хамгаалах тогтолцоог дэлхий дахинд бий болгон хэвшүүлэх, цөмийн материал болон байгууламжийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь 1987 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба манай улс 1986 онд нэгдэн орж, соёрхон баталсан хэмээн төслийн танилцуулгад дурджээ.
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцод 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 164 улс нэгдэн орж, 44 улс гарын үсэг зурсан бөгөөд тус конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болж, 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 137 улс нэгдэн орсон байна.
Салбарын сайд танилцуулгадаа, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь зөвхөн олон улсын тээвэрлэлтийн үеийн биечлэн хамгаалах арга хэмжээнд хамаарч байсан бол конвенцод орсон 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь цөмийн байгууламж, түүнчлэн дотоодын хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлтэд байгаа цөмийн материалд хамаарч байна. Мөн конвенцод хамаарах санаатай гэмт хэрэгт цөмийн материалыг хууль бусаар нэвтрүүлэх, цөмийн байгууламжид хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулах зэрэг асуудлууд нэмэгдэж, хорлон сүйтгэх ажиллагааны талаарх мэдээлэл солилцох, туслалцаа үзүүлэх өргөтгөсөн хамтын ажиллагааны зохицуулалтууд нэмэгдсэн гэв.
Монгол Улсын Их хурлын 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.7-д “Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж суурь судалгааг хийнэ” гэж тусгасан бөгөөд улмаар ОУАЭА-аас гаргасан цөмийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаар төлөвлөж буй 27 улс, орнуудын жагсаалтад Монгол Улс орсон байна. Хэрэв 2024 оны дотор манай улс тус нэмэлтэд нэгдэн орох арга хэмжээг авахгүй бол эдийн засаг, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, байгаль орчин, цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд цаашид хэрэгжих боломжгүй болох нөхцөл байдал үүснэ хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлсний дараа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хураалдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан.
Монгол Улс Иж бүрэн цөмийн аюулгүй байдлын баталгааны гэрээнд (Comprehensive Safeguards Agreement) 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэгдэн орсон. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орж, 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2003 онд соёрхон баталсан. Улмаар Олон улсын атомын энергийн агентлагт 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж, энэ өдрөөс протоколыг хүчин төгөлдөр мөрдөж байна. Олон улсын атомын энергийн агентлаг (“ОУАЭА”) нь Цөмийн аюулгүй байдлын “Иж бүрэн аюулгүй байдлын баталгааны гэрээ” ба Нэмэлт протоколыг хэрэгжүүлж буй улс орнуудын бүх цөмийн материал энхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эсэх өргөн хэмжээний албан ёсны дүгнэлтийг гаргадаг хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа.
ОУАЭА-ийн Удирдах зөвлөлөөс цөмийн байгууламжгүй, бага хэмжээний цөмийн материалтай улс орнуудад “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д хамрагдах нь зүйтэй гэж үзэн гишүүн орнуудыг тус Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг уриалсан. Үүний дагуу ОУАЭА-аас манай улсыг Бага хэмжээний цөмийн материалын протоколд нэгдэн орох саналыг 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн ч манай улс нэгдэн орох асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. 2005 онд ОУАЭА-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарснаас хойш багагүй хугацаа өнгөрснийг харгалзан ОУАЭА нь Бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбартай байгаа улс орнуудад баталгааны дүгнэлтийг цаашид үргэлжлүүлэн гаргах боломжгүй болохыг мэдэгдсэн тул Монгол Улс ойрын хугацаанд зохих арга хэмжээ авахгүй тохиолдолд 2024 оноос эхлэн ОУАЭА-аас баталгааны дүгнэлт гаргуулах боломжгүй болох эрсдэл үүсчээ гэж төслийн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан ба тус тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд, дэмжсэн гэдгийг танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хэлэлцэж буй гурван конвенцод Монгол Улс нэгдэн орсны гол ач холбогдлын талаар тодруулсан бол, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл цөмийн эрчим хүч, цөмийн энерги, уран, ураны олборлолт, тээвэрлэлт, хадгалалт хэрэглэхтэй холбоотой үнэн зөв бодитой мэдээллээр иргэд, нийгмийг шуурхай хангахад холбогдох байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэв.
Ингээд хуулийн төслийг дэмжих, эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 15 гишүүнээс 11 нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.