Цэс

Холбоо барих

Үндсэн хууль 1960 он

Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр бөгөөд Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж байв.


БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах комисс"-ыг 1960 оны 5 дугаар сарын 14-нд байгуулж, тус комиссын даргаар Ю.Цэдэнбал ажиллажээ. 


“БНМАУ-ын Үндсэн хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын дарга Ю.Цэдэнбал, гишүүн Ж.Самбуу нар. 1960 он.

1960 онд БНМАУ-ын Ардын Хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцсэн боловч Их Хурлын чуулганд тавьсан илтгэлд дурдсанчлан нэмж оруулсан зүйл үлэмж их учраас УИХ-ын чуулганд хэлэлцүүлэхээр оруулж байгаа энэ баримт бичиг нь үнэндээ шинэ Үндсэн хуулийн төсөл байв.


Ийнхүү Монгол Улсын гурав дахь Үндсэн хуулийг 1960 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “БНМАУ-ын нийгэм-эдийн засгийн байгууламж”, “БНМАУ-ын төрийн байгууламж”, “БНМАУ-ын иргэний үндсэн эрх, үүрэг”, “Бусад зүйл” гэсэн 4 хэсэг, 10 бүлэг, 94 зүйлтэйгээр баталжээ.

Үндсэн хуулийн оршил хэсэгт “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ... феодалын засгийг түлхэн унагааж, хамжлагат ёсыг халсны үр дүнд үүсэн тогтсон ... Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн. ... феодализмаас капиталист хөгжлийн шатыг алгасч социализмд шилжих замдаа нийгэм, эдийн засгийн хувьсгалт их үндсэн өөрчлөлт хийж социалист шинэ эдийн засгийг байгуулж, социалист үйлдвэрлэлийн харилцааг бүх улс ардын аж ахуйд ялуулж, хөдөлмөрчин ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх талаар түүхэн их амжилт олов” гэж тэмдэглэсэн нь улс орныг хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгох хувьсгал эрчимжсэн, хот байгуулалтын хөгжлийн онцлог үе эхэлсэн түүхтэй. 


Үндсэн хуульд Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчид, хоршоолсон ардууд (малчид, тариаланчид), хөдөлмөрч сэхээтний социалист улс хэмээн тэмдэглэж, түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ард, хөдөлмөрч сэхээтэн, төрийн улс төрийн үндэс нь ардын депутатуудын Хурал, эдийн засгийн үндэс нь социалист өмч байхаар тогтоосон байв. 


1924 он болон 1940 оны Үндсэн хуульд иргэд яс үндэс, нийгмийн гарал, байдал, хөрөнгийн хэмжээгээр ялгаварлагддаг байсан бол 1960 оны Үндсэн хуульд тэдгээрийг арилгахаар хуульчилсан байна.

Гурав дахь Үндсэн хуульд 30 жилийн хугацаанд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл