Цэс

Холбоо барих

1940 он: Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах зорилт дэвшүүлсэн хоёрдугаар Үндсэн хууль

Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр бөгөөд Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж байв.


Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хууль 1940 он

“Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах” зорилт дэвшүүлэв

“Үндсэн хууль”-ийг шинэчлэн зохиох комиссыг 1939 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор байгууллаа. 

БНМАУ-ын Үндсэн хууль боловсруулах комиссын гишүүд. 1940 он.


Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг боловсруулах комисс ард түмнийхээ саналыг авч байна. 

Үндсэн хуулийг боловсруулах комиссын хурал.

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан байна.

Уг Үндсэн хууль “Нийгмийн байгуулалт”, “Улсын байгуулалт”, “Улсын Их Хурал”, “Бага Хурал ба Бага Хурлын Тэргүүлэгчид”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл”, “Улсын орон нутгийн засаг захиргааны эрхийг барих байгууллагууд”, “Шүүх ба прокурорын газар”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлага”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн журам”, “Ард иргэний үндсэн эрх ба үүргүүд”, “Сүлд тэмдэг, туг, нийслэл”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх журам” гэсэн 12 бүлэг, 95 зүйлтэй.

БНМАУ-ын VIII их хурлын төлөөлөөгчид БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийг баталж буй нь. 1940 он


БНМАУ-ын VIII их хурлын тэргүүлэгчид БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийг баталж буй нь. 1940 он.

Үндсэн хуулиар “Нийгэм журамд дэвшин орохын учир улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах” зорилтыг дэвшүүлсэн байна.

Мөн "БНМАУ-ын засгийн бүх эрх нь хөдөлмөрчдийн хурлаар уламжлагдан хот, хөдөөгийн хөдөлмөрчдийн мэдэлд байна" гэдгийг Үндсэн хуулийн түвшинд тунхаглажээ.

Нийт, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах сонгуулийн шинэ зарчмыг анх тунхагласан.

Үүнээс гадна БНМАУ-ын өмнөөс засгийн дээд эрх барих ба улсын захиргааны дээд газруудын эрхлэх хэргийг тодорхой болгож өгсөн бөгөөд тэдгээрийн эрхлэх асуудлын дотор Үндсэн хуулийн биелэлтийг хянах зэргээр төрийн төв, орон нутгийн байгууллагын тогтолцоог дорвитой өөрчилсөн байна.


Ард иргэний үндсэн эрх ба үүргүүдийн дотор тухайлбал, ард иргэд, түүний дотор эмэгтэйчүүд эрэгтэй хүний нэгэн адил аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт тэгш эрх эдлэх, чөлөөтэйгөөр үг хэлэх, хэвлэн нийтлэх, шилжин явах, оршин суух газраа шилэн сонгох, “нийгмийн байгтуллагад нэгдэх эрхийг хангах”, “нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намд эвлэлдэн нэгдэнэ" гэдгийг тусгасан байв. 


Шинэ Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын сүлд, далбаа.

БНМАУ-ын Хоёрдугаар Үндсэн хууль

Түүнчлэн улсын өмч буюу нийт ардын хөрөнгө, хоршоолсон байгууллагууд ба ардын нэгдлүүдийн нийгмийн өмч юу болохыг тодорхой зааж өгсөн байна. Үндсэн хуульд газар бол улсын өмч буюу нийт ардын хөрөнгө болох тул ард иргэн ба хөдөлмөрчдийн сайн дурын нэгдлүүдэд бэлчээр буюу тариалангийн газрыг үнэ төлбөргүйгээр олгохоор Үндсэн хуульд заасан байв.

1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл