“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна. Тус зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амарсанаагийн Төмөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашнямын Энхтайванг томилжээ.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар “Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид мөнгөн тэтгэмж олгох журам” болон “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг тус тус баталсан байна. “Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоход баримтална. Харин “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ын зорилго нь эрүүл мэндийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад орших юм. Түүнчлэн “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд тус журмаар гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, сургалтын зээлийг эргэн төлүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнгээр шалгарсан төрийн албан хаагчид суралцагчийн тэтгэлэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.