Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн П.Батчимэг: Ажлын хэсэг цахилгаан тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн хэрэглээний соёлыг бий болгохоор зорьж байна

УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мопед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерын хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар, Г.Лувсанжамц, Н.Алтаншагай нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн яам, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөлтэй хуралдаж, цахилгаан скүүтер, суррон дугуйтай холбоотой замын хөдөлгөөний нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл сонссон. Ажлын хэсэг хоёр дахь хуралдаанаа өнөөдөр /2024.11.21/ хийж, Гаалын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газрын танилцуулга мэдээллийг сонсов.

Энэ удаагийн хуралдаанаар цахилгаан скүүтер, суррон дугуйн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ, аюулгүй байдалд анхаарч бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, эрэлт, нийлүүлэлтийг бууруулахгүй орчин үеийн чиг хандлагад нийцсэн байх зорилготой ажиллаж байгааг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг онцоллоо.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг “Төрөөс иргэдийн аюулгүй, тайван орчинд зорчих эрхийг хангах, цахилгаан тээврийн хэрэгсэл (суррон, скүүтер г.м) хэрэглэгчдийн хэрэглээний соёлыг бий болгохоор зорьж байна. Мөн төрөөс зохих зохицуулалтыг бий болгоход анхаарч байгаа.

Суррон, скүүтер гэх мэт цахилгаан тээврийн хэрэгсэл авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Харин дээрх тээврийн хэрэгслүүдийн ангилал тодорхойгүй байна. Иймд ангиллыг тодорхой болгож, зориулалтын зам талбайг бий болгох, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхийг хангахад манай ажлын хэсэг анхаарч байгаа. Ер нь залуучуудын хэрэглээг хумих биш, орчныг нь бүрдүүлж өгөх ёстой” гэдгийг тодотголоо.

Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл