Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.20/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат хууль хэрэгжиж эхлээд ямар хугацаанд үр дүн гарах, “Орано” групп нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглах талаар баталгаа гаргуулах, олборлох ураныг энх тайвны зорилгоор ашиглах талаар гэрээндээ тусгах, олборлосон тодорхой хувийг борлуулах эрхтэй байх, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл дээрх хуулийн төсөл болон цаашид хийх гэрээ, хэлэлцээрийн талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, шинжлэх ухааны ойлголтуудыг тодорхой ойлгомжтой хүргэхэд анхаарах талаар асууж, хариулт авсан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.5 дахь хэсгийн “энэ хуулийн 34.6-д заасан журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулна” гэснийг “олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн хэрэгсэл ашиглах, эсхүл Монголбанкан дахь валютын тусгай дансанд байршуулах бөгөөд гагцхүү зориулалтын дагуу ашиглана.” гэж өөрчлөхөөр саналын томьёоллыг боловсруулжээ.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж танилцуулсан бөгөөд валютын тусгай дансанд байршуулж гагцхүү зориулалтын дагуу ашигласнаар уг сан хүүгийн орлогоор нэг жилдээ 600 мянган ам.доллароор арвижаад явах боломжтой болно хэмээн тайлбарласан юм.
Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.