“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл” баталсныг нийтэлсэн бөгөөд энэхүү чиглэл нь дараах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Үүнд: 1.Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд: 1.1.Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувь (+/-2 нэгж хувийн интервалтай)-ийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулна. 1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална. 1.3.Макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын болон үйл ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэн санхүүгийн системийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
2.Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд: 2.1.Банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлнэ. 2.2.Банкнуудын зохистой засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хяналт шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлнэ. 2.3.Банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлнэ. 2.4.Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэж, шууд хэрэгжилтийн үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлэх болон үндэсний, салбарын эрсдэлийн үнэлгээг эхлүүлнэ.
3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд: 3.1.Үндэсний төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн шинэ үйлчилгээг дэмжиж, цаг үедээ нийцсэн хяналт, зохицуулалтын уялдааг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 3.2.Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг төгрөгөөр хийх суурь нөхцөлийг бүрдүүлэн мөнгөний захыг хөгжүүлнэ. 3.3.Олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, Төв Банкны бодлого, үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллана. 3.4.Олон нийтийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ. 3.5.Жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлнэ.
Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ыг баталсан бөгөөд тус журмыг төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зорилгоор жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад баримтална. Харин “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг баталсан байна. Энэхүү журмаар шүүх шинжилгээний байгууллагын лабораторийн эрхлэгч, мэргэшсэн шинжээч, чиглэлийн ахлах шинжээч, ахлах шинжээч, шинжээч, мэргэшсэн шинжээч эмч, ахлах шинжээч эмч, шинжээч эмч, ахлах сэтгэцийн эмч, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, таниулах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, бага эмч, лаборант, рентген техникч, туслах ажилтан, сан хариуцсан мэргэжилтэн болон ажилтан, санч, шуурхай албаны жолоочийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар, харин захиргаа, санхүү, аж ахуй, аюулгүй байдал, хяналт шалгалт, эрдэм шинжилгээ, сургалт, бүртгэлийн алба хаагч болон бусад алба хаагч, ажилтны албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар сар бүр бодож олгохоор шийдвэрлэсэн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.