“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд тус хуулиар Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг “26.2.Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна.” гэж өөрчлөн найруулсан байна.
Мөн тус дугаарт “Төрийн өмчийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлж, шилжүүлэхдээ хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, сайжруулсан түлшний үнийг тогтвортой байлгахад шаардагдах нэмэлт санхүүжилтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.
Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Газар зохион байгуулалт хийх журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-ыг тус тус шинэчлэн баталжээ.
“Газар зохион байгуулалт хийх журам”-аар Газрын тухай хуулийн 24.1-д заасан газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд газар зохион байгуулалтын арга хэмжээ, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах ажлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан удирдан зохион байгуулна. Харин “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-аар газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.