Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг эцэслэн баталлаа


Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг дурдаад нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу дараах саналыг гүйцээн боловсруулж, хууль, тогтоолын төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулсныг онцлов.


Мөн Монгол Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн жагсаалт болон гаалийн албан татварын хөнгөлөлтөд хамаарах боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг батлахаар холбогдох хуулийн төсөлд, мөн “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас 2025 онд 4.0 их наяд хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад, дотоод үнэт цаас гаргах, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт магадлал хийн, аудитын дүгнэлт гаргуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, саналаа 2025 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр тусгасан гэлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Анар, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, Г.Очирбат нарын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсантай холбоотой ужгирсан алдагдлын асуудалд хариуцлага тооцсон, тодорхой арга хэмжээ авч буй эсэх талаар, төсөв дагасан хуулийн төсөлд боловсруулах үйлдвэр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх жагсаалт батлах асуудлыг Засгийн газрын боловсруулснаар хэлэлцээгүй шалтгааныг тодруулав.  


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны хоёр банканд байршуулсантай холбоотойгоор эрсдэл үүссэн. Сайдаар томилогдсоноос хойш мөнгө байршуулсан "Капитал”, “Чингис хаан” хоёр банкны төлөөлөлтэй уулзахын зэрэгцээ Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийг хуралдуулсан. Дээрх арилжааны хоёр банканд байршуулсан мөнгөтэй холбоотойгоор өмнө нь гомдол гаргаж байгаагүй тул тус үндэсний зөвлөлөөс Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Тус газраас гомдлыг хянаад Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна. Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үед Д.Үүрийнтуяа гишүүн санал гаргаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас тодорхой зардлыг хасуулаад батлуулах гэж байна. Үүнийг арилжааны банканд байршуулсан 160 тэрбум төгрөгийг буцаан авахын тулд 300 сая төгрөгөөр өмгөөллийн үйлчилгээ авахад зориулах зэргээр тодорхой алхмуудыг хийж байна хэмээн хариулав.

Харин Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариултдаа, Боловсруулах үйлдвэр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх жагсаалтыг Засгийн газар баталбал хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн эрхэд халдсан асуудал болж, улмаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэх магадлалтай хэмээн үзэн, өөрчилсөн гэлээ.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн таван хууль, гурван тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу есөн хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд танилцууллаа.


Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай", "Засгийн газарт чиглэл өгөх тухай", "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.


Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг эцэслэн баталлаа

Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулж, зүйл бүрээр санал хураалтыг явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71 нь тус тус дэмжлээ.


Хуулийн төсөлд Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар тусгасан байлаа.

Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж Монгол Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгасан гэв.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, О.Номинчимэг, Д.Рэгдэл, Б.Бейсен, С.Ганбаатар,  Ж.Жаргалан нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байгаа энэ цаг үед 2024 оны 12 дугаар сард төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгахдаа ямар хуульд үндэслэснийг илүүтэй тодруулсан.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тогтоолын төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-дэх хэсгийг үндэслэсэн. Хуулийн 34.1 дэх хэсэгт Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гээд дөрвөн нөхцөлийг заасан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх, энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх гээд төсвийн тодотгол хийх үндэслэлийг тодорхой тусгасан гэв.


Мөн тэрбээр, Улсын Их Хурлын найман удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өмнөх парламентын түвшинд ийм асуудал гарч байсан. Тухайлбал, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас нэгдсэн төсвөө баталсан ч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газартаа өгч байсан. Мөн 2014 онд төсвөө баталсан ч Засгийн газартаа 2015 оны төсөвт тодотгол хийх үүрэг өгөн тухайн жилийнхээ 12 дугаар сарын 30-нд өргөн мэдүүлж байсан тохиолдол бий хэмээн нэмэлт тайлбарыг өглөө.   

Ингээд "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Төсвийн байнгын хорооны саналыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65 нь дэмжсэн. Горимын санал дэмжигдсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргасныг тодотгоод Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байгаагаа онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахыг Засгийн газарт анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл