Цэс

Холбоо барих

УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр /2024.10.31/ УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ.


Тэрбээр, 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 9 дэх удаагийн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 4 сар гаруй боллоо. Энэ хугацаанд УИХ-ын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, парламент дахь бүх намын төлөөллийг оролцуулан ажиллаж байна. УИХ түүхэндээ хоёр удаа буюу 2002, 2019 онд стратеги төлөвлөгөөгөө баталж байсан. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө нь ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг хөгжүүлэх чиглэлээр хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Төслийг боловсруулахдаа 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, УИХ-ын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санал бодлын судалгааг хийлээ. Мөн Олон Улсын Парламентын Холбоо, НҮБ-ын зөвлөмж, гадаад орнуудын парламентийн стратеги төлөвлөгөөний бүтэц зэргийг судалж, тусгасан. Өнгөрсөн есдүгээр сард “Парламент 2.0: Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус нийт 36 байгууллагыг төлөөлж 800 гаруй хүн оролцож, стратеги төлөвлөгөөг хэлэлцэж, саналаа ирүүлсэн. Харин энэ удаагийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүд болон УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын төлөөллийг оролцуулж байна. Та бүхний санал бодлыг бид төлөвлөгөөний төсөлдөө тусгах болно гэв. 




Түүний дараа УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа. УИХ энэ бүрэн эрхийнхээ хугацааны стратеги төлөвлөгөө, алсын хараагаа “Монгол Улсын Их Хурал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлж, Монголын ард түмний засаглах эрхийг хангана” хэмээн тодорхойлсон бол “хүн төвтэй, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжил, инновацыг дэмждэг, олон ургалч үзлийг хангасан парламент байна” хэмээн эрхэм зорилгоо томьёолжээ. Энэ хүрээнд 5 зорилго, 17 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгаад байна хэмээгээд зорилго, зорилтуудыг нэгбүрчлэн танилцуулсан юм. Тухайлбал, стратеги зорилгын нэгдүгээрт, хүн төвтэй, хүний эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төлөвшүүлнэ, хоёрдугаарт, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн цогц шийдвэр гаргана, гуравдугаарт, шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжинэ, дөрөвдүгээрт, олон ургалч үзэл бүхий шинэ үеийн парламентийг бэхжүүлнэ, тавдугаарт, үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлнэ гээд энэ хүрээнд зорилтоо дэвшүүлэн, хүрэх үр дүнгээ тодорхойлжээ.


УИХ-ын Тамгын газрын гэрээт зөвлөх У.Хосжаргал олон улсын туршлагын талаар танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа олон улсын парламентын стратеги төлөвлөгөөг боловсруулах аргачлалыг судалж, ил тод нээлттэй, хүрэх үр дүн нь олон нийтийн хяналтад байх чиглэлд анхаарах талаар, хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг олон нийтэд хүргэх цаг хугацаа тодорхой, шуурхай байх, албан бичиг хүлээн авах, хариу өгөх үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг саналыг хэлэлцүүлэгт оролцсон иргэний нийгмийн төлөөллүүд хэлж байв.

Мөн хүн төвтэй, хүний эрхийг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд бусад улсын парламентын туршлагаас судалсан эсэх талаар асуусан бол “D-parliament” цахим платформд хуулийн төслийн танилцуулгыг байршуулаад, хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтүүдийг оруулдаггүй. Тиймээс хуулийн төсөлд иргэний өгч буй санал тусгасан эсэх нь тодорхойгүй тул энэ асуудлыг анхаарах талаар оролцогчид санал хэллээ.

Ийнхүү оролцогчид УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцэж, сана бодлоо солилцсоны дараа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэлцүүлгийг хааж үг хэллээ. Тэрбээр энэ сарын 15-нд болсон Олон улсын парламентын холбооны 149 дүгээр Ассамблейд оролцохдоо Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулсан байна. Хүн төвтэй, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжил, инновацыг дэмждэг, олон ургалч үзлийг хангасан парламент байна гэсэн Монгол Улсын Их Хурлын зорилтыг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг дэмжин хүлээн авсан. Мөн ОУПХ-ноос манай УИХ-ын стратеги төлөвлөгөөний төсөлд санал ирүүлснийг тусгасан. УИХ-ын хууль тогтоох болон иргэд, олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулахад энэхүү стратеги төлөвлөгөө чиглэж байгаа гэдгийг онцлоод цаашид та бүхний санал бүрийг үйл ажиллагаандаа анхаарч ажиллана гэв. 


Мөн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, хүнээ дээдэлсэн, хамгаалсан, эрх ашгийг нь хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд хүн төвтэй байх зарчмыг хэрэгжүүлэх эрхэм зорилгын төлөө стратеги төлөвлөгөөний төслөө боловсруулсан. Хууль тогтоох үйл ажиллагаа зөв, тодорхой, ойлгомжтой байх нь парламентын хөгжлийн чухал хэмжүүр юм. Тиймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгааг дурдаад өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын илэрхийлсэн санал бодлыг ажлын хэсэг төсөлдөө тусгаж ажиллах болно гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл