Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болдог вэ?
- Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
Улсын Их Хурлын гишүүн ямар бүрэн эрх эдэлдэг вэ?
- хууль тогтоомжийн төсөл санаачлах;
- санаачилсан хууль тогтоомжийн төслийг өөрийн саналаар татаж авах, хамтран санаачилсан бол нэрээ татаж авах;
- нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
- Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд хуульд заасны дагуу орох, гарах. Гишүүн үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгээс илүү хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахгүй;
- Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад албан тушаалд сонгогдох, нэрээ дэвшүүлэх;
- Улсын Их Хурал, Байнгын, дэд хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ, эсхүл томилсны дагуу орж ажиллах;
- хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах;
- Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны хуулиар тусгайлан заасан мэдээлэл, илтгэл, тайлан хэлэлцүүлэх саналыг Байнгын хороонд оруулах;
- Ерөнхий сайдыг огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах;
- Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах саналыг хуульд заасны дагуу гаргах;
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж, хариуг хуульд заасан хугацаанд авах;
- иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан хариу өгөх, эсхүл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж энэ тухай хариу мэдэгдэх;
- бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах;
- гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах;
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;
- сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа ямар үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болдог вэ?
- Ерөнхийлөгчөөр сонгогдсон
- хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
- хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Монгол Улсын Их Хурал үзсэн;
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
- гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
- нас барсан.
Иргэн та Улсын Их Хурлын гишүүнд ямар асуудлаар шууд хандаж болох вэ?
- Та хууль тогтоомжийн талаарх саналаа Улсын Их Хурлын гишүүнд ирүүлж болно.
- Улсын Их Хурлын гишүүн Таны саналыг судлан үзэж шийдвэрлэх, эсхүл холбогдох Байнгын хороонд буюу ажлын хэсэгт уламжилж энэ тухай Танд мэдэгдэнэ.
- Та өргөдөл, гомдлоо Улсын Их Хурлын гишүүнд ирүүлж болно.
- Таны ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх ёстой.
- Гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.
Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг хаанаас баталдаг, энэ дүрмээр ямар харилцааг зохицуулдаг вэ?
- Монгол Улсын Их Хурлаас тогтоол гарган Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг баталдаг. Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ээр гишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлж байна. Дүрмийн гол зорилго нь гишүүнийг өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд туслах, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэдэг.
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улстай холбоотой асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалт өгч болох уу?
- Болохгүй. Энэ бол ёс зүйн зөрчил болно. Учир нь Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмээр Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалт өгөхгүй байх, мөн гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагын нөлөөнд орж улсын ашиг сонирхолд харшлах үйлдэл хийхийг хориглодог.
Улсын Их Хурлын гишүүн ямар нэг урамшуулал авч болох уу?
-Улсын Их Хурлын гишүүн зөвхөн иргэдийн боловсролыг дээшлүүлэх, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор яриа хийх, илтгэл тавих, өгүүлэл, ном бичсэн тохиолдолд урамшуулал авч болно. Энэ тухайгаа хөрөнгө, орлогын мэдүүлэгт заавал тусгах үүрэгтэй.
“Мандат” гэдэг нь ямар утгатай үг бэ? Улсын Их Хурлын гишүүн итгэл алдсан тохиолдолд ард түмэн түүнийг эгүүлэн татаж болох уу?
- Мандат буюу “mandate” /англи хэлээр/ бүрэн эрх [1], даалгавар гэсэн утгатай. Мандат нь сонгуулийн эрхээр тодорхойлогдсон ард түмэн буюу сонгогчдоос нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх зорилготой төлөөлүүлэх бүрэн эрх байдаг. Мандат бол гишүүн болон түүний сонгогчдын хоорондын харилцааны шинж чанарыг тодорхойлно.
- Сонгогчид нь өөрийн элчийг парламентад илгээхдээ олгодог бүрэн эрх нь парламентын шинж чанараас хамаарч чөлөөт болон захирагдмал мандат гэсэн хэлбэртэй байна. Захирагдмал мандатын хувьд парламентын гишүүн нь гагцхүү тойргийнхоо сонгогчдын захиа даалгаврыг биелүүлэх үүрэгтэй, захиа даалгавар биелүүлээгүй гишүүнийг сонгогчид дуртай цагтаа огцруулдаг зарчимтай[2] бол чөлөөт мандатын хувьд парламентын гишүүн нь тойргийн сонгогчдоо бус, нийт ард түмнээ төлөөлдөг учраас сонгогчид итгэл хөсөрдүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татах журам байдаггүй[3].
- Үндсэн хуульд зааснаар манай улсын парламентын гишүүн нийт ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг, чөлөөт мандаттай учраас түүнийг тойргийн сонгогчид эгүүлэн татах боломжгүй.
[1] Д.Алтангэрэл.Англи-Монгол толь. УБ.2002 он .298 дахь тал.
[2] Б.Чимид.Үндсэн хуулийн мэдлэг. УБ 2008. 208 дахь тал.
[3] Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн эрх зүй. УБ.2007 он. 226 дахь тал.
Улсын Их Хурлын гишүүн ямар шугамаар гадаадад явж болох вэ?
- Улсын Их Хурлын гишүүн нь гадаадад айлчлах төрийн албан ёсны төлөөлөгчөөр, парламент хоорондын харилцааны шугамаар, дотоод болон гадаадын бусад байгууллагын шугамаар, хувийн хэргээр гадаадад явж болно.
- Гэхдээ Улсын Их Хурлын гишүүн нь албаны болон хувийн ажлаар гадаадад явах бүрдээ Улсын Их Хурлын даргаас заавал зөвшөөрөл авч захирамж гаргуулна. Захирамж гараагүй байхад гадаадад явснаар чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцогдоно.
Улсын Их Хурал бүрэн эрхээ ямар хэлбэрээр хэрэгжүүлдэг вэ?
- Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлнэ.
- Түүнчлэн Улсын Их Хурал нь бүрэн эрхээ Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг. Зохион байгуулалтын бусад хэлбэрт нь ажлын хэсгийн хуралдаан ордог байна. Улсын Их Хурлын Байнгын болон дэд, түр хорооны эрхлэх асуудал, зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүнийг хуулиар тогтоодог.
Чуулган гэж юу вэ?
- Чуулган нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр юм. Чуулган гэж Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхэд хамаарах асуудлаар олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж олонхын саналаар шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгодог.
- Чуулган нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын, дэд, түр хороодын дагнасан буюу хамтарсан хуралдаан, түүнчлэн улс төрийн нам, намуудын эвслийн бүлгийн хуралдааныг хамааруулсан ерөнхий нэр бөгөөд чуулган нь эдгээр хуралдаанаас бүрддэг.
Улсын Их Хурлын чуулганы ямар хэлбэрүүд байдаг вэ? Тэдгээр нь өөр хоорондоо ямар ялгаатай вэ?
- Улсын Их Хурлын чуулган анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой гэсэн хэлбэртэй байх бөгөөд Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаан хийж болно.
- Улсын Их Хурлын анхдугаар чуулган гэдэгт Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулдаг чуулганыг ойлгоно.
- Улсын Их Хурлын ээлжит чуулган гэж Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тодорхой хугацаатай буюу хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг чуулган юм. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлдэг.
- Ээлжит бус чуулган гэж хуулиар тогтоосон ээлжит чуулганы чөлөө цагт тодорхой эрх бүхий субьект буюу Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь шаардсанаар, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар зарлан хуралдуулдаг чуулганыг хэлнэ.
- Харин ээлжит чуулганы чөлөө цагт Монгол Улсын Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарласан тохиолдолд түүнээс хойш 72 цагийн дотор Улсын Их Хурлыг зарлахгүйгээр хуралддаг чуулганыг онцгой чуулган гэнэ.
- Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.
- Эдгээр чуулган нь цаг хугацаа, чуулганы хуралдаан зарлах субьект болон хэлэлцэх асуудал зэргээр өөр хоорондоо онцлог ялгаатай. Тухайлбал, Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг хуулиар тодорхой тогтоосон байдаг бол ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан асуудлыг хэлэлцэх журамтай. Харин Улсын Их Хурлын онцгой чуулганаар хэлэлцэх асуудал нь зөвхөн онц болон дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцдэг.
Анхдугаар чуулганаар хууль баталж болох уу? Уг чуулганаар ямар асуудал хэлэлцэж болох вэ?
- Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар зөвхөн Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталдаг. Мөн Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох, Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах, тэдгээрийн дарга нарыг сонгох, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг хуульд нэг бүрчлэн тусгайлан заасан байдаг тул өөр асуудал хэлэлцэхгүй.
Анхдугаар чуулганы хуралдааныг хэн даргалдаг вэ?
- Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганы хуралдааныг нээж үг хэлдэг. Улсын Их Хурлын дарга сонгогдож, хуралдааныг удирдах хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална.
Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, түүний онцлог, ирц.
- Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан нь Улсын Их Хурлын чуулганы хугацаанд зохион байгуулагддаг, гишүүдийн тодорхой ирцээс бүрддэг хуралдаан юм. Нэгдсэн хуралдаан нь нээлттэй явагдана.
Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ. Харин бусад асуудлыг тухайн асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан хаалттай хуралдаанаар хэлэлцэж болдог.
- Улсын Их Хурал нь нэгдсэн хуралдаанаараа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Байнгын хороогоор урьдчилан хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдаанаар заавал хуульд заасан тодорхой үе шаттайгаар хэлэлцэн баталдаг. Нэгдсэн хуралдааны ирц нь хуульд өөрөөр заагаагүй бол нийт гишүүний олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын нийт гишүүн буюу 126 гишүүний олонх буюу 64 болон түүнээс дээш гишүүн нь хүрэлцэн ирснээр тухайн өдрийн нэгдсэн хуралдаан эхэлнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хэлэлцэж байгаа асуудлыг нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг.
Харин Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг чуулганд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар тус тус шийдвэрлэхээр Улсын Их Хурлын тусгай ирцийг Үндсэн хуульд заасан байдаг.
Улсын Их Хурлын гишүүдийн ирц түүний дотор сонгосон гишүүнийхээ хуралдаанд оролцож байгаа ирцийн талаарх мэдээллийг Та Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.
Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг, тэдгээрийн үйл ажиллагаа, үндсэн үүрэг нь юу вэ?
- Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 10-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй байдаг. Бүлэг гишүүдийнхээ дотроос даргаа сонгодог. Бүлэг нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган Байнгын хорооны, эсхүл чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хэлэлцэж байгаа асуудлаар ажлын хэсэг байгуулах, нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах, нэгдсэн болон Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах зэрэг эрх, үүрэгтэй.
- Бүлэг нь өөрийн төсөвтэй, ажлын албатай байдаг бөгөөд уг ажлын албаны гүйцэтгэх үүргийг бүлгийн дүрмээр зохицуулна. Ажлын албыг Улсын Их Хурлын хоёр гишүүнд нэг ажилтан ногдохоор тооцон бүрдүүлдэг.
Байнгын хороо, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүнийг нь хэрхэн сонгодог вэ?
- Байнгын хороо нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
- Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан юм.
- Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Харин Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагддаг.
- Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзана.
- Байнгын хороо нь төрийн бие даасан байгууллага биш бөгөөд Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохих салбар чиглэлийг дагнан эрхэлсэн дотоод бүтцийн нэгж юм.
Байнгын хорооны бүрэн эрхийн талаар тодруулна уу?
- Байнгын хороодыг төрийн бодлогын салбар, чиглэлээр байгуулдаг.
Байнгын хороод нь тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар, түүнчлэн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах;
- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
- Улсын Их Хурлаас томилдог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
- Чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал, дүгнэлт зэрэг баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;
- Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар гишүүд болон Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хуралдаанаараа хэлэлцэх;
- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын гаргасан эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах.
Дэд хороо, түүний чиг үүрэг юу вэ?
- Байнгын хорооны харьяанд тухайн Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороог байгуулж болдог.
- Дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй.
Түр хороо, түүний чиг үүрэг, хэрхэн байгуулж, ажилладаг вэ?
- Улсын Их Хурал тогтоолоороо тодорхой асуудлыг шалган судалж, санал, дүгнэлт боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэйгээр түр хороо байгуулан ажиллуулдаг.
- Түр хороог 6 сар хүртэл хугацаагаар байгуулах бөгөөд гаргасан тайлан, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцдог.
Монгол Улсын Eрөнхийлөгч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцож болох уу?
- Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож болно. Түүнчлэн Ерөнхийлөгч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй.
Улсын Их Хурлын ээлжит чуулганы үйл ажиллагаа хэзээ эхэлж, хэзээ завсарладаг вэ?
- Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж, тус бүр 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хэдэн цагаас эхэлдэг вэ?
- Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана.Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ.Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.
Улсын Их Хурлын чуулган хуралдаж байх явцдаа түр завсарлаж болох уу?
- Болно. Ажлын зайлшгүй шаардлага гарвал Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 7-14 хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно.
Мөн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно.
Зөвлөл гэж юу вэ?
- Зөвлөл нь Улсын Их Хурлын даргын дэргэд ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дарга, дэд дарга, нам, эвслийн бүлгийн дарга, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга орно.
-Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй:
- Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах,
- Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын санал болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох,
- Тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг тогтоох,
- Улсын Их Хурлын төсөв болон Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх.
Долоо хоног бүрийн хуралдаанаараа хэлэлцэх асуудлыг хэрхэн тогтоодог вэ?
- Тухайн долоо хоногт нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга тогтооно.
- Улсын Их Хурлын үйл ажиллагааны шинэ долоо хоногийн хуваарийг Баасан гараг бүр www.parliament.mn цахим хуудаст нийтэлдэг.
Гишүүн үг хэлэхдээ ямар дэг, журам баримтлах ёстой вэ?
- Нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилна.
- Урьдчилан мэдэгдэх: Тухайн нам, эвслийн бүлэг хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт асуух гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн байна. Түүнчлэн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүн ч мөн адил хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух эсэхээ урьдчилан мэдэгдэнэ.
- Бусдад шилжүүлэхгүй байх: тогтоосон хугацаанд өөрөө үг хэлэх, асуулт асуух, энэхүү эрхээ бусад гишүүдэд шилжүүлэхгүй.
- Гишүүний ёс зүйгээ баримтлах: хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор шахалт үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг гишүүний ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байна.
- Үг хэлэх: Гишүүн зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаанд өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж үг хэлнэ. Үг хэлэх хугацаа 4 минутаас илүүгүй байна.
- Асуулт асуух: гишүүний асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байна. Хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.
- Хариулт хэлэх: гишүүний асуултад хариулах хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 2 минутаас илүүгүй байна.
- Заавал оролцох: Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд холбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаанд заавал оролцоно.
Улсын Их Хурлын чуулган дээр гишүүдээс горимын санал гаргах тухай яригддаг. Горимын санал гэж юу вэ?
- Горимын санал гэж: Улсын Их Хурлын гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл, бусад асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцэхгүй хойшлуулах, эсхүл тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөх үндэслэл, шаардлагыг тайлбарлан гаргасан санал гэж ойлгох бөгөөд уг асуудлыг гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Горимын саналаар нэг л удаа санал хураана.
Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэдэн үе шаттайгаар хэлэлцэн шийдвэрлэдэг вэ?
- Хуулийн төслийг тодорхой дараалал бүхий үе шаттайгаар хэлэлцдэг. Дэлхийн улс орнуудын туршлагаас үзвэл хуулийн төслийг хэлэлцэхдээ 1-4 үе шаттайгаар хэлэлцдэг бөгөөд ихэвчлэн 3 үе шаттай байдаг.
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг 4 үе шатаар дамжуулан хэлэлцдэг:
1-р үе шат: Тухайн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Энэ үе шатанд хуулийн төслийн үзэл баримтлалыг авч үзэж, хуулийн төслийн үндсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, түүний ач холбогдол, практик учир холбогдолд үнэлэлт дүгнэлт өгдөг.
2-р үе шат: Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна.
Улсын Их Хурал төсөлд оруулах гол өөрчлөлтийг энэ үе шатанд хэлэлцэнэ.
- Төслийн зүйл, заалт бүрээр Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналаа гаргаж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
- Харин Байнгын хороо хууль гаргах шаардлагагүй, өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй, мөн хэрэгжих боломжгүй гэсэн санал, дүгнэлт оруулсныг нэгдсэн хуралдаанд оролцогчдын олонх дэмжсэн бол төслийг хууль санаачлагчид буцаана.
3-р үе шат: Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Энэ үе шатны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаанаас гарсан санал, дүгнэлтэд санал хураалгах томьёолол оруулсан бол уг саналыг дэмжсэн, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй тус бүр 2 хүртэл гишүүн 4 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа хуралдаан даргалагч саналын томьёолол тус бүрийг уншиж сонсгон санал хураалт явуулна. Үүний дараа тухайн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.
4-р үе шат: Төслийг эцэслэн батална.
Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж, нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө гишүүдэд тараасан байна.
Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.
Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.
Хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно.
Хууль, Улсын Их Хурлын тогтоолд хэн хориг тавьдаг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй.
Хууль, Улсын Их Хурлын тогтоолд хориг тавьсан бол түүнийг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэдэг вэ?
- Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид, ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Хууль, тогтоолын хүчин төгөлдөр болох хугацааг хэрхэн зохицуулдаг вэ?
- Хууль хүчин төгөлдөр болох гэдэг нь Улсын Их Хурлаар батлагдсан хуулийг бүх нийтээр дагаж мөрдөх албан ёсны хүчин чадалтай болж, эхлэх хугацааны тухай ойлголт юм.Тэгвэл батлагдсан хууль хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энд хоёр үндсэн зохицуулалт байдаг байна. Үүнд:
- Тухайн хуулийг батлахдаа хэзээнээс эхлэн хүчин төгөлдөр болох тухай асуудлыг тусгайлан заасан байдаг. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. Харин хүчин төгөлдөр болох хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульд заажээ.
- Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Хууль, тогтоомжийг мэдээлэх, хэвлэн нийтлэх талаар тодруулж хэлж өгнө үү?
- Батлагдан гарсан хуулийг заавал албан ёсоор нийтлэх шаардлага тавигддаг. Улсын Их Хурлын Тамгын газар нь Улсын Их Хурлаас баталсан хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулга хийх, хэлбэржүүлэн гаргах, албан ёсоор нийтлэх, мэдээлэх үүргийг хуулиар хүлээдэг. Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг өөрийн цахим хуудас болон "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ. "Төрийн мэдээлэл" эмхэтгэл цаасан болон цахим хэлбэртэй байна. Хууль тогтоомжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтална.
- “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар зэргийг бүрэн эхээр нь нийтэлнэ. (https://www.parliament.mn/nc/324/)
Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулга, асуултыг Улсын Их Хурал хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр гэж ойлгож болох уу?
- Болно. Асуулга, асуулт нь дэлхийн улс орнуудын парламентаас Засгийн газрынхаа үйл ажиллагаанд тавих хяналтын хамгийн түгээмэл, сонгодог хэлбэр бөгөөд улс орны нийтлэг эрх ашгийг хөндсөн, тодорхой зохицуулалт, үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай асуудалд Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлэх парламентын хяналтын чухал хэрэгсэл болж байдагт ач холбогдол нь оршдог.
Асуулга гэж юуг ойлгох вэ?
- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн талаар тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж, Улсын Их Хурлын гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдлагад бичгээр хандсаныг асуулга гэнэ.
Асуулгын хариуг хэрхэн яаж өгдөг вэ?
- Асуулга нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд нийцсэн байх ёстой байдаг бөгөөд Засгийн газар асуулгын хариуг 30 хоногийн дотор бичгээр өгдөг. Гишүүн шаардлагатай гэж үзвэл хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.
Улсын Их Хурал асуулгын хариуг хэрхэн сонсдог вэ? Сонсоод шийдвэр гаргадаг уу?
- Улсын Их Хурлын гишүүн Байнгын хорооны хуралдаанаар асуулгын хариуг хэлэлцүүлэхээр бичгээр саналаа ирүүлснээс хойш 10 хоногийн дотор Байнгын хороо хуралдаанаар хэлэлцүүлнэ. Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно. Нэгдсэн хуралдаан асуулгын хариуг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгнө.
Асуулгын хариуг иргэн Та сонсох боломжтой юу?
- Боломжтой. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдаг тул иргэд шууд үзэж, сонсох боломжтой.
Улсын Их Хурлын гишүүний асуулт гэж юуг ойлгох вэ?
-Улсын Их Хурлын гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын даргад үйл ажиллагаатай нь холбогдох тодорхой асуудлаар мэдээлэл авах зорилгоор бичгээр хандсаныг асуулт гэнэ. Хариуг 14 хоногийн дотор ирүүлж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж болно.
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Засгийн газрын тогтмол мэдээлэл гэж юуг хэлдэг вэ?
- Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар Ерөнхий сайд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх буюу Улсын Их Хурал дахь цөөнхийн гишүүдийн асуултад хариулахыг ойлгоно.
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл ямар хугацаанд хийгддэг вэ?
- Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд 25 минутад багтаан мэдээлэл хийнэ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл 25 минутад багтаан үг хэлнэ. Ерөнхий сайд мэдээлэл хийж, цөөнхийн төлөөлөл үг хэлсний дараа цөөнхийн төлөөлөл тус бүр Ерөнхий сайдаас асуулт асууж, үг хэлж болох бөгөөд асуулт асууж, үг хэлэх хугацаа 3 минутаас, хариулт өгөх хугацаа 5 минутаас тус тус хэтрэхгүй. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах, үг хэлэх нийт хугацаа 1 цаг 30 минутаас хэтрэхгүй.
Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг ямар байгууллагууд байдаг вэ?
- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага гэдэг нь товчоор Улсын Их Хурлаас удирдлага нь томилогдож, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг байгууллага юм.
Тодруулбал, эдгээр байгууллага нь Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Монголбанк, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг болно.
Нийтийн сонсгол гэж юу вэ?
- Нийтийн сонсгол гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ.
Нийтийн сонсголыг хэдэн төрлөөр зохион байгуулдаг вэ?
- Сонсгол нь дараах төрөлтэй байна:
1.хууль тогтоох;
2.ерөнхий хяналтын;
3.төсвийн хяналтын;
4.томилгооны;
5.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн;
6.орон нутгийн.
7.танилцах сонсгол.
8.зөвшилцөх сонсгол;
9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол.
Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.
Ямар тохиолдолд хуулийн төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулдаг вэ?
Санал асуулгыг явуулах дараах үндэслэл бий:
- Хууль санаачлагч шаардлагатай гэж үзвэл нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахаар санаачилсан хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулдаг.
- Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд, түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал асуулга явуулж болно.
- Саналыг Улсын Их Хурал чуулганаар хэлэлцэж, гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд төслийг ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэлэлцүүлэх хүрээ болон түүнтэй холбогдон гарах зардлыг хэрхэн санхүүжүүлэхийг тодорхой заасан байна.
- Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.
- Монгол Улс түүхэндээ ганцхан удаа ард нийтийн санал асуулга явуулсан байдаг.
Энэ үйл явдал нь 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд Монгол Улсын түүхийн хуудаснаа ”БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалт” гэж тэмдэглэсэн байна. “Монгол Улс нь БНХАУ-аас хараат бус бие даасан Бүрэн Эрхт тусгаар улс байх уу?” гэсэн асуултад тухайн үед сонгуулийн насанд хүрсэн хүн амын 98,4 хувь буюу 487.409 иргэн “тиймээ” гэж хариу өгч, бичиг мэддэг нь гарын үсгээ зурж, мэддэггүй нь эрхий хурууныхаа дардсыг үлдээсэн материал Монгол Улсын Үндэсний түүхийн архивт одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.
Хууль, Улсын Их Хурлын тогтоол хоорондоо ялгаатай юу? Хуулийн төслийн төрлийн талаар дэлгэрүүлнэ үү?
- Ялгаатай. Хууль, Улсын Их Хурлын тогтоолын аль аль нь эрх зүйн хэм хэмжээний акт мөн. Гагцхүү хүчин чадлын түвшин мөн цаг хугацааны шинжээрээ ялгагддаг.
- Хууль гэдэг нь улс, нийгмийн хүрээнд үйлчлэх, дээд хүчин чадалтай, байнгын буюу тогтвортой үйлчлэх эрх зүйн акт.
- Харин Улсын Их Хурлын тогтоол нь хуулийг биелүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор хуулийн хүрээнд батлан гаргадаг нэг удаагийн буюу түр зуурын шинжтэй эрх зүйн акт.
Хуулийн төсөл нь хэд хэдэн төрөлтэй. Үүнд,
- Анхдагч хуулийн төсөл: Хууль санаачлагч нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна.
- Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл: Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлаар хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулна.
Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь дараах төрөлд хуваагдана:
1.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
2.хуульд нэмэлт оруулах тухай;
3.хуульд өөрчлөлт оруулах тухай;
4.хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай.
- Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: тухайн хуульд олон удаа өөрчлөлт орсноор үзэл баримтлал нь өөрчлөгдөх, эсхүл хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орохоор бол шинэчилсэн найруулгын түвшинд боловсруулна.
- Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө нь хүчингүй болсон хуулийн үйлчлэл сэргэхгүй. Тухайн хуульд хуулийн үйлчлэх хугацааг заасан тохиолдолд тус хугацаа дуусмагц хууль хүчингүй болно. Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй.