Цэс

Холбоо барих

БСШУСБХ: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ


Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.29/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам’’-тай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан байна.


Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу багш нарын хичээллүүлсэн мэргэжлийн сонгон бүлэг, түүнд суралцагсдын тооны талаар мэдээлэл хүссэн. Мөн дээр дурдсан журмын дагуу дэмжлэг авч суралцсан суралцагсдын тоо, суралцагсад хэчнээн төгрөгийн дэмжлэг хүртсэн, энэ хичээлийн жилд бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрт хэдэн суралцагч дэмжлэгт хамрагдсан, түүнд зарцуулсан мөнгөн дэмжлэгийн дүнг тус тус танилцуулахыг хүсчээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах дэмжлэгийг 2023-2024 оны хичээлийн жилд хэчнээн багш, ажилтны хүүхэд авсан болон шалгуурт хангаагүй гэдэг шалтгаанаар хичээн хүүхэд хасагдсан зэрэг боловсролын байгууллагад ажилласдын нийгмийн чиглэлийн асуудлыг хөндсөн  хэдэн хэдэн асуулгыг тавьсан байна.  Асуулгыг хариуг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.


Тэрбээр, 2023-2024 оны хичээлийн жилд "Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр 657 суралцагчид 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Харин суралцахыг хүсэгч магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх шаардлагын дагуу судалгаагаар 176 суралцагч хасагдсан. Боловсролын өрөнхий хуулийн 12.10-д заасны дагуу орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш /хөрвөх/ 88 суралцагчид 155.4 сая төгрөгийн, багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн 680 суралцагчид /өндөр оноо/ 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Бакалаврын сургалтын багш мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа нийт 1425 суралцагчид Боловсролын зээлийн сангаас 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Харин 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын чиглэлээр магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр багш бэлтгэдэг их сургуулиудад суралцаж байгаа 19 суралцагчид 22.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэж хариуллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн тавьсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд улсын төсөвт хэчнээн төгрөг суулгасан бэ гэсэн асуулгад Боловсролын сайд П.Наранбаяр, 2024 онд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 105.3 тэрбум төгрөг зарцуулна гэв.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах дэмжлэг хэт өндөр шалгууртай учраас 176 хүүхэд хасагдсан байна. Энэ хэт явцуу байгаа бөгөөд багш, ажилтнуудын хувьд дэмжлэг биш ялгаварлал юм. Тиймээс  тасралтгүй 15 жил гэсэн зарим хатуу заалтыг хуулиас хасах талаар хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн юм. Тус байнгын хорооны дарга Ч.Ундрам, боловсролын салбарын хамгийн тулгамдсан асуудал бол багш нарын хомсдол. Тиймээс багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого чиглэх ёстой. Нэн тэргүүнд боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан бол нэг хүүхдийг нь хөнгөлттэй нөхцөлөөр сургаж байх шалгуурыг эргэн харж, өөрчлөхөөр хуулийн төслийг дэмжин хамтран ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл