Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг тус улсын төрийн тэргүүний хувиар 16 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид Монгол, Казахстаны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллана гэлээ.  

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин гүнзгийрч буйг онцлоод, Монгол, Казахстаны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүхэн нягт холбоотой ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бүр бататгахын төлөө ажиллахаа илэрхийлэв. 

Талууд цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл