Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.28) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс нь харилцан хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев манай хоёр улсын түүх олон зууны нягт холбоотойг онцолж, уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, худалдааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Талууд найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, парламентын бүлэг зэрэг бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх талаар харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.