Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 40 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Гончигдоржийн Уянгахишигийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Гончигдоржийн Уянгахишигийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан байна.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаартЖурам батлах тухай”, “Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд болон “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан бөгөөд тус журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, түүнд хяналт тавихад баримтлах юм байна. Харин “Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан ба тус журмыг хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт  төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход  баримтлах ажээ  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл