“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Жагсаалт батлах тухай”, “Журам шинэчлэн батлах тухай”, “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Жагсаалт батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Монгол Улсад 2024 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг баталсан бөгөөд 2024 онд Монгол Улсад ОХУ-ын хоккейн КХЛ-ын дээд зэрэглэлийн багийн тоглолт, мастер класс тэмцээн, Бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын хүүхдийн X наадам, Снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Гимнастрада 2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Кураш бөхийн өсвөр үе, залуучууд, ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөсний загасчлалын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулах юм байна.
Мөн “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан ба тус журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах ажээ.
Түүнчлэн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах нөхцөл, бүртгүүлэх журам”-ыг баталсан ба тус журмыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.1-д заасан суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, бүртгэл хөтлөхөд баримтлах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.