“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тус зарлигуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадралыг тус тус эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дааданхүүгийн Батбаатарыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг тус тус томилсон байна. Түүнчлэн тус дугаарт “Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухай”, “Журам шинэчлэн батлах тухай”, “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээ, түүний бүрэлдэхүүн”-ийг, 2 дугаар хавсралтаар “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээ, түүний бүрэлдэхүүн”-ийг, 3 дугаар хавсралтаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр”-ийг, 4 дүгээр хавсралтаар “Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам”-ыг тус тус баталсан. Харин “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журмаар нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулна. Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх үйл ажиллагаанд Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай, Зөвшөөрлийн тухай, Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж болон энэ журмыг мөрдөх юм. Мөн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг баталсан ба тус журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.1.2-т заасан олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авахад нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэх харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.