“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Органик бүтээгдэхүүний тухай /Шинэчилсэн найруулга/, Органик хүнсний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Органик бүтээгдэхүүний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн зорилт нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэхүү хууль нь хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик хүнс, хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, мал, амьтан, тэжээл, бордоо, таримлын үр, суулгацыг үржүүлэх, үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх, хадгалах, савлах, шошголох, худалдаалах, экспортлох, импортлох үйл ажиллагаанд үйлчилнэ. Мөн тус хуульд органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавигдах шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байна.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.