Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 35 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал,  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд “оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй түүхий эд, үндсэн болон туслах материал.” гэсэн агуулгатай 38.1.24 дэх заалт нэмсэн. Харин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй ус, ундаанд онцгой албан татвар ногдуулахаар болсон бөгөөд чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй ус, ундааны нэг литр тутамд агуулагдах чихрийн агууламжийн таван граммаас дээших хэмжээнд үндэслэн ялгавартайгаар онцгой албан татварыг ногдуулахаар болсон байна. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулснаар тус хуулийн үйлчлэх хүрээ өргөжиж, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөнд тооцож, эхэд “Алдарт эхийн одон” олгож байхаар тусгажээ. Мөн Алдарт эхийн одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаар зохицуулсан байна.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай”,  “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”,   “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Монгол Улсын Их Хурлын  тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай”  Улсын Их Хурлын  тогтоолд мөрдөн шалгах ажиллагаан дахь шүүхийн хяналтыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай процессоор хэрэгждэг тодорхой ажиллагаануудыг болон бага үнийн дүнтэй иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх хялбар ажиллагааны төрлөөр дагнасан шүүхэд хэрэг, маргааны статистиктай уялдуулан шинээр орон тоог тодорхойлж  тусгасан ажээ. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын  тогтоолоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улс 1996 онд нэгдэн орсон, Дэлхийн худалдааны байгууллагын “Тариф, худалдааны тухай” 1994 оны ерөнхий хэлэлцээрийн 1А хавсралтын “Бараа худалдааны тухай” олон талт хэлэлцээрүүдийн “Сүлжмэл, нэхмэл эдлэл болон оёмол бүтээгдэхүүний тухай” хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн /с/-д заасантай нийцүүлэн Улсын Их Хурлаас 2008 онд баталсан “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж, энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад заасан төсөлтэй хамтатган 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Харин “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын  тогтоолын  1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-г тус тус баталж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: 1/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцоолж, санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх; 2/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах; 3/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх; 4/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнахдаа энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх; 5/Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан тухайн оны зорилтот түвшнийг хангахад чиглүүлэх ажээ. Мөн “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын  тогтоолоор Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 16,085,164.1 сая  төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 16,079,765.5 сая  төгрөгөөр тус тус баталсан байна.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын  тогтоолоор Наранчулууны Отгончимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлсөн байна.

Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын  тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж итгэлцлийн зохистой дадлыг хэрэгжүүлэх хүрээнд эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, гаалийн болон татварын байгууллагатай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээллийн санг хөтөлж, эмийн бодит үнийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгох, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр иргэдийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал танилцуулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг даалгасан байна. Харин  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын  тогтоолоор дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд: 1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 2/Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл; 3/“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 4/“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 5/“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 6/“Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 7/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл