Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.25) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Засгийн газрын мэдээллийг сонсох зохицуулалтын дагуу “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээллийг танилцууллаа.
Засгийн газар эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлсэн. Зургаан багц тус бодлогын нэг “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дөрвөн чиглэлийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлжээ.
Нэгдүгээрт, боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажлыг хийж, ашиглалтад оруулсан байна.
Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 8 гарцыг 20, экспортын 4 гарцыг 24 болгож нэмэгдүүлсэн. Мөн инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, нэгдсэн удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадлын авторентген болон хилийн хяналтын бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар зорчигч болон тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтэрч, иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрджээ.
Замын-Үүд дэх ачаа тээврийн шинэ цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 3 гарцыг 22, экспортын 2 гарцыг 5 болж нэмэгдүүлэн, 28 барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, зам талбайн гэрэлтүүлэг, холбоо дохиолол камержуулалт, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна.
Гашуунсухайт боомтын барилга байгууламж, зам талбайг өргөтгөн шинэчилж, зорчигч болон ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарцыг 3, экспортын 1 гарцыг 3 болгон нэмэгдүүлж, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 10 гарцтай болгож олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо, дохиолол, камержуулалтыг хийснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна. Мөн тус боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хайрхан багт хил хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, дэд өртөөний барилга, гадна дулаан, цэвэр, бохир усны шугам болон цэвэрлэх байгууламж, уурын зуухны барилгын ажлыг хийж, 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг Л.Гантөмөр сайд танилцуулсан.
Цагаандэл-Уул боомтын бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийж байгаа, ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ, зураг төсвийг боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 82 хувьтай байгаа гэв. Тус боомтын барилга байгууламж, шугам сүлжээ, суурьшлын бүс, нүүрс, эрдэс баялаг, ачаа тээврийн 12 эгнээ бүхий хүнд даацын авто зам, аялал жуулчлал, зорчигч шалган нэвтрүүлэх хэсэгт 6 эгнээ авто зам зэрэг иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлэх аж.
Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ болон зураг төслийн ажлыг нь гүйцэтгэж буй боомтуудын талаарх мэдээллийг танилцуулсан. Боршоо боомтын иж бүрэн өргөтгөл шинэчлэлээр нийт талбай 3.5 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4,8 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 6.7 дахин нэмэгджээ.
Алтанбулаг боомтод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м2 авто зогсоол, 30000 м2 боомтын доторх зам талбай, зорчигч, тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, орчин үеийн технологи бүхий гарцуудыг шинээр ашиглалтад оруулсан байна.
Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган ашиглалтад оруулсан бол Бичигт боомтын шинэчлэлээр нийт талбай 3 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдсэн гэлээ.
Азийн хөгжлийн банкны 106.3 сая ам.долларын санхүүжилтээр 2024-2030 онд хэрэгжүүлэх “Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдааны төсөл”-ийн хүрээнд Хавирга, Булган, Цагааннуур боомтын өргөтгөл шинэчлэлтийг хийх бэлтгэлийг хангаад байгаа юм байна.
Монгол Улсын худалдааны тэнцэл таатай болж байгаатай холбогдуулан Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) коридорын дагуух хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, Монгол Улс дахь худалдааны зардлыг бууруулахад дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх хуваарийн 10.4-т "Нэг цонх"-ны эцсийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тодорхойлсон. Үүний дагуу Монгол Улс гадаад худалдааны нэгдсэн цахим цонхыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас 2023 онд шийдвэр гарган “Гадаад цахим нэгдсэн цахим цонх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгааг мэдээлэлд дурдсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, олон төрөлт тээврийн, ачиж буулгах, шилжүүлэн ачих терминалууд барих бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр дэлгэрэнгүй танилцуулсан.
Боомтын ажиллах цагийн горим, зэрэглэлийг нэмэгдүүлэх, чиглэлээр үе шаттай, тогтмол давтамжтай хийж гүйцэтгэсэн ажлуудын үр дүнд Монгол Улс 2024 оны III улирлын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна.
Хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг үндэслэн авто замын боомтуудын цагийн хуваарь, зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хэлэлцээр хийж, зарим боомтын ажиллах цагийг уртасгаж, цагаар болон амралтын өдрүүдэд туршилтын журмаар ажиллуулж байгаа аж.
Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байгааг Л.Гантөмөр сайд дэлгэрэнгүй танилцууллаа. Хилийн боомтуудыг нийт 2650 км хатуу хучилттай авто зам, 4600 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбох ажлыг хийж байгаа юм байна.
Боомтын сэргэлтийн бодлогын хүрээний гурав дахь чиглэл нь Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжих юм. Энэ хүрээнд Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудалд шинэ боомт байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж. Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг 3С ангиллын болгох төслийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа гэлээ. Мөн Агаарын замын байнгын ажиллагаатай олон улсын боомтын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Ховд аймгийн "Ховд" нисэх буудлыг 4C ангиллын болгох төсөл, Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэж олон улсын 4С ангиллын болгох төсөл, Дорнод аймгийн "Чойбалсан" нисэх буудлыг 4С ангиллын болгох төсөл, Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D ангиллын болгох төсөл, Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангиллын болгох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тодорхойлсон. Холбогдох талуудтай хэлэлцэж, Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулахаар шийдвэрлэн Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, Чойбалсан, Ховд хот (Ховд), Хөшигийн хөндий (Төв), Бичигт (Сүхбаатар) гэсэн нийт 8 байршилд байгуулахаар батлуулжээ. Энэ дагуу үе шаттайгаар ажлуудыг гүйцэтгэж байгаа юм байна. Хуурай боомт байгуулснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацааг бууруулах, Орос, Хятад хөрш орнуудын зах зээлийг цаашлаад Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн орлогыг нэмэгдүүлэх, дотоод экспорт, импортын худалдааны эргэлтийг сайжруулахад томоохон түлхэц болно гэж үзэж байгааг Л.Гантөмөр сайд тэмдэглэв.
Засгийн газраас боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, боомтуудын бүс нутгийн эдийн засгийн интеграцад үзүүлэх нөлөө, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, бусад орны боомтуудтай гадаад худалдаанд эзлэх байр сууриараа өрсөлдөхүйц олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм байна.
Боомтын хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнууд боомтыг ачаа тээврийн эргэлтийг зохицуулах зорилго бүхий томоохон эдэлбэр газар бүхий хот, суурин хэмээн тодорхойлж, үйлчилгээ авагч аж ахуйн нэгж, иргэдэд чирэгдэлгүй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж тэрхүү үйлчилгээнийхээ орлогоор санхүүждэг хэлбэрээр хөгжүүлж байгаа гэлээ. Боомтыг зөвхөн хил нэвтрүүлэх, шалгах, гаалийн татвар хураамж хураах цэг төдийхнөөр ойлгож байсан хуучин хандлагыг өөрчилж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, эдийн засгийн идэвхитэй үйл ажиллагаатай, эдэлбэр газартай, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлэлдээ онцлоод “Иймд Засгийн газрын зүгээс боомтын сэргэлтийн асуудалд онцгойлон анхаарч, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж байна” хэмээв.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл үг хэллээ. О.Цогтгэрэл гишүүн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлөн хэлсэн үгэндээ “Монгол Улс дэд бүтэц, гаалийн үйл ажиллагаа, логистикийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай бөгөөд энэ асуудлыг онилж, хөтөлбөр боловсруулан ажиллаж буйд нь Засгийн газарт талархаж болно. Гэхдээ зөвхөн хатуу дэд бүтэц, хөрөнгө оруулалтад анхааралгүй, зөөлөн дэд бүтэц буюу хууль, эрх зүйн шинэчлэл, худалдааг хөнгөвчлөх, хил гаалийн үйлчилгээг хялбарчлах чиглэлээр санаачилгатай ажиллах шаардлагатай” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр төмөр замын бүтээн байгуулалт, транзит хурдны авто зам болон хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүдийн хэрэгжилт, агаарын тээврийн транзит төв болох зэрэг асуудлыг дурдан энэ төрлийн бүтээн байгуулалтын ач холбогдлын талаар тэмдэглэсэн.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал цөөнхийг төлөөлөн, дээрх мэдээлэлтэй холбогдуулан хэлсэн үгэндээ Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилт үр дүнтэй, ач холбогдолтой байгааг онцоллоо. Хил гаалийн цахимжилтын түвшин шинэ шатанд гарсан, хилийн байгууллага болоод гааль хооронд мэдээллээ солилцох, нэгтгэх шийдэл туршилтын шатандаа байгааг эрчимжүүлэх, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулсан эдгээр ажлынхаа үр ашгийг бодитой болгоход Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй хэмээгээд нүүрсний экспортын тээвэрлэлтийн нөхцөл байдал, үүнийг сайжруулах шийдлийн талаар байр сууриа танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа цөөнхийг төлөөлөн хэлсэн үгэндээ Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт талаасаа хийсэн ажлуудаа танилцуулсныг тэмдэглээд хүний нөөцийн асуудал, боомтуудад ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, хүн рүү чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг орхигдуулсан гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн салбар хоорондын уялдааг хангаж, бодлого төлөвлөлт хийх шаардлагатайг сануулж байлаа. Мэдээлэлтэй холбогдуулан Б.Батбаатар гишүүн мөн цөөнхийг төлөөлөн үг хэлэв. Тэрбээр хил, гаалийн байгууллагуудын захиргааны үйл ажиллагааг оновчтой болгох, боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулах талаар байр сууриа илэрхийлээд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцох шаардлагын талаар санууллаа.
Ийнхүү “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Л.Гантөмөр сайд мэдээлэл хийж, цөөнхийн төлөөлөл үг хэлсний дараа цөөнхийн төлөөлөл тус бүр мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Б.Пүрэвдорж гишүүн боомтын ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нь үнэ ханшид нөлөө үзүүлж байгааг дурдаад боомтуудын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Нэн тэргүүнд Замын-Үүд боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаагаа дурдаад цаашид зүүн, баруун бүсэд Замын-Үүд боомттой дүйцэх боомт байгуулахаар төлөвлөж байгааг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга мэдээллээ. Түүнчлэн боомтуудын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа гэв.
О.Цогтгэрэл гишүүн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж буй зөөлөн дэд бүтцийн ажлуудын төлөвлөлт, хэрэгжилтийн талаар тодруулахад “Нэн тэргүүнд боомтууд руу хөрөнгө оруулалт хийж, хатуу дэд бүтцээ бий болгох сайжруулахаас өөр арга байхгүй. Үүний зэрэгцээ менежментийн буюу зөөлөн дэд бүтцийн ажлууд олон байгаа. Боомт нь хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулдаг газар гэдэг ойлголтыг залруулах, сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлага байна. Улс орнуудын амжилттай ажиллаж байгаа боомтуудын загварыг судлахаар төр-хувийн хэвшил хамтарсан, эс бол цэвэр хувийн хэвшлийн менежменттэй нь илүү үр ашигтай байгаа. Ийм ч учраас Боомтын тухай хуулийн шинэчлэлд боомтуудын удирдлагыг төрийн хяналттай хувийн хэвшлийн төлөөлөл удирддаг корпорац хэлбэртэй болгох асуудал багтсан” гэдэг хариултыг Б.Тулга сайд өгөв.
Боомтын үйл ажиллагаа нь иргэдийн амьжиргааны өртөг, инфляцтай шууд холбоотой гэдгийг Ж.Баярмаа гишүүн тодотгоод газар зүйн онцлогоос үүдэн хөрш орнуудтайгаа энэ чиглэлийн бодлогоо нийцүүлж, харилцан тохиролцсон эсэхийг тодруулав. Монгол Улс болон БНХАУ-ын боомтын менежментийн комиссын хурал жил бүр болдог, 2023 оны хурлаар 40 асуудлыг шийдвэрлэхээр протоколоор тохирсон. Одоогийн байдлаар 36 асуудлыг шийдвэрлэн, үр дүн гарсан, хэрэгжилт хангалттай гэж дүгнээд байна. Энэ оны хурал БНХАУ-ын талын боомтын удирдлагад өөрчлөлт орж байгаатай холбоотой товыг тогтоогоогүй явж байгаа, шийдвэр гармагц энэ ондоо багтаан комиссын хурлыг хийхээр төлөвлөж байгаа гэдэг хариултыг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд нүүрсний экспортын тээвэрлэлт, хил нэвтрэлттэй холбоотой асуудлаар тодруулга хийж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авав. Г.Ганбаатар гишүүн Цагаандэл-Уул боомтын бүтээн байгуулалт, энэ боомттой холбоотой гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар тодруулж Б.Тулга сайдаас хариулт авсан юм. Ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн хил нэвтрэх явцыг хөнгөвчлөн шуурхайлах, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхүүлж, үр дүнтэй болгох, импортын ачаа тээврийг хүлээн авах терминалуудыг олшруулах зэрэг асуудлыг Б.Батбаатар гишүүн хөндөж, Б.Тулга сайдаас хариулт авсан юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9-д заасны дагуу намын бүлэг тус бүрийн төлөөлөн гишүүд Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулсан энэхүү мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн асуултыг ажлын хэсгээс асуусан юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан d.parliament.mn цахим сайтад гурван иргэнээс 5 асуулт ирүүлснийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Б.Уянга гишүүн танилцууллаа.
Иргэн Сарантуяа Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар тодруулж, Хөшөөт, Бургастай, Шивээхүрэн-Шинэжинст, Хотгор шанага, Даянгийн боомт чиглэлд авто зам тавих төлөвлөгөө бий эсэхийг, төмөр замын хил холболтын талаар асуусан байв. Мөн тэрбээр нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран саатсан байгаа Тавантолгой-Цагаандэл-Уул чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын талаар лавлажээ. Иргэн Оюунтуяа Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын холболтын талаар, иргэн Мөнхжаргал “Шинэ сэргэлтийн бодлого”-оор юу шийдэх талаар тодруулсан болохыг танилцуулсан.
Хөшөөт, Бургастай, Шивээхүрэн-Шинэжинст, Хотгор шанага, Даянгийн боомт чиглэлд авто зам тавих төлөвлөгөө бий эсэх талаарх асуултад Б.Тулга сайд хариулахдаа “Боомт руу авто зам тавих асуудлыг хоёр талын худалдаа, аялал жуулчлал хөгжих боломжийн талаарх судалгаанд үндэслэн шийдвэрлэж байгаа. Аливаа боомт руу хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг байгуулахын тулд ТЭЗҮ, зураг хийсэн байх ёстой. Бид Шивээ хүрэн, Хөшөөт, Бургастай, Хөшөөтөөс Байтаг боомт руу хувийн хэвшилтэй түншлэн, хамтраад авто зам тавих ТЭЗҮ, зураг төслийг хийж байна. Даянгийн боомт руу авто зам тавих ажил ч ялгаагүй ТЭЗҮ, зураг төслийг нь хийгээд, холбох ажлыг эхлүүлээд байгаа. Хотгор шанагатай холбоотойгоор Даянгийн боомт руу уул уурхайн бүтээгдэхүүн явуулахгүй. Учир нь Даянгийн боомт Монгол Улсын хамгийн үзэсгэлэнтэй Алтай таван богдын тусгай хамгаалалттай газарт байрладаг. Цаад талтайгаа ч аялал жуулчлалын чиглэлээр харилцах, хөгжүүлэх зорилготой гэдгийг энэ ташрамд хэлье” гэв.
Тавантолгой-Цагаандэл-Уул чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын талаарх асуултад Б.Тулга сайд хариулахдаа “Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих барих концессыг 2019 онд зарлаад, аж ахуйн нэгж нь шалгараад үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байгаа. Ерөнхий сайд 2022 онд тус аймагт ажиллах үеэр иргэд энэхүү бүтээн байгуулалтын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг анхаарч үзэхийг хүссэн. Иймээс ажлыг нь түдгэлзүүлээд, аж ахуйн нэгжид нутгийн иргэдтэй уулзах, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага байлгах шаардлагыг үүрэг болгосон. Түүнчлэн энэ асуудлыг говиос сонгогдсон гишүүд, говийн сумдын төлөөллийг оруулаад хэлэлцэн шийдвэрлэх үүргийг надад өгсөн. Бид нарийвчилсан үнэлгээ, зураг төсөл бэлэн болохыг хүлээж байна, дараа нь талуудтай зөвлөлдөх юм” хэмээн хариуллаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүнээс өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Зам, тээврийн яамнаас ажлын хэсэг байгуулж, Цагаандэл-Уулын боомтод ажиллаж байгаа гэдэг мэдээллийг Б.Дэлгэрсайхан сайд өгөв. Ийнхүү “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, иргэдээс ирүүлсэн асуултад ажлын хэсгээс хариулт өгснөөр Засгийн газрын мэдээллийг сонсож дууслаа.
Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Төрийн өмчийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Д.Амарбаясгалан дарга танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.