УИХ-ын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгээс зарим зүйлийг асууж тодрууллаа.
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар ажлын хэсэг байгуулах зайлшгүй шалтгаан, нөхцөлийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Нэгдүгээрт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг багцаар нь боловсруулж, шинэчлэх тухай агуулгыг тусгасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хороо ажиллаж байгаа. Байгаль орчныг хамгаалах талаарх дэлхий нийтийн ойлголт, хандлага ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.
Эдгээр асуудлын хүрээнд байгаль орчны салбарын хуулиудыг цогцоор нь харж, шинэчлэх шаардлага гарч байна.
Хоёрдугаарт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг 1995 онд баталсан. Үүнээс хойш хуульд 30 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн.
-Ажлын хэсгийн хувьд үйл ажиллагаагаа хэр өргөн хүрээнд хэрэгжлүүлэхээр төлөвлөсөн бол…?
-Ажлын хэсгийн эхний хуралдаанаар бид байгаль орчны салбарын хуулийн уялдаа холбоо, давхардал, хийдэл, зөрчлийн талаарх нарийвчилсан судалгаатай танилцлаа. Судалгааг их сургуулийн эрдэмтэн, судлаачид сүүлийн хоёр жилийн турш хийсэн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг салбарын бүх хуультай уялдуулах шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдлаа. Учир нь ус, ой, газар гээд салбарын нэг асуудлын эрх зүйн харилцааг зохицуулж байгаа эдгээр хуулиуд цаад утгаараа байгаль орчныг хамгаалах асуудалтай холбогддог. Тэгсэн атлаа хууль хоорондын уялдаа холбоо сул, зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчилтэй байна. Иймд бид Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг салбарын бусад хууль тогтоомжтой хэрхэн холбогдож буйг судлан, давхардал, хийдлийг нь арилгаж, ерөнхий хуулиа цогцоор харж, ямар чиглэлээр яаж ажиллах вэ, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэг том зураглалаа гаргана. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах шаардлага ч гарахыг үгүйсгэхгүй. Иймд ажлын хэсэг үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, салбарын хуулийн талаар олон талт судалгаа хийнэ. Цаашлаад ой, цөлжилт, хөрсний бохирдол ямар түвшинд байгааг нарийвчлан судлах, газар дээр нь ажиллах ч шаардлага гарна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг Монгол Улсаар хязгаарлалгүй, дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулах хэрэгтэй. Учир нь олон улсын болон ялангуяа Ази тивийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх томоохон хуралд монголын шар шороон шуургын асуудлыг хөндөн ярьдаг болсон. Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Үүнд Монгол Улс ямар үүрэг оролцоотой байх вэ, дэлхий нийтийн чиг хандлагын өөрчлөлтөд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хууль эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах вэ гээд ажлын хэсгийн ажлын цар хүрээ ч өргөжихийг ч үгүйсгэхгүй.
-Хууль хэрэгжээд 30 гаруй жил болсон ч нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилттэй гэж судалгаанд дурджээ. Нэг талаас хуулийн хэрэгжилтийн үр дүнг харуулж байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээ, нөгөө талаас иргэдэд ээлтэй байх хүлээлтийг үүсгэх нь дамжиггүй?
-Аливаа асуудал олон талтай. Газрын цөлжилт, бэлчээрийн доройтол гэсэн сөрөг үр дагаврууд салбарын хууль эрх зүйн зохицуулалт дутуу, хэрэгжилт хангалтгүй байгаатай нэг талаас холбоотой.
Гэхдээ дэлхийн дулаарал, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлт байгаль орчны төлөв байдалд ч нөлөөлж байна. Жил бүр ган, зуд, хуй салхи, далайн шуурга зэрэг гамшгийн давтамж нэмэгдэж, хүн ам, эдийн засагт асар их хохирол учруулж байна. Дэлхий нийтээрээ энэ асуудлыг анхаарч, тэмцэж байна.
Монгол Улсын ч байгаль, эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон салбарын нэгдсэн эрх зүйн зохицуулалтыг хийх, шаардлагатай болжээ. Ер нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль бол хүн, байгальтай зөв зохистой харьцах харилцааг зохицуулдаг. Тэгэхээр ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулахдаа асуудлыг цогцоор нь харж, нухацтайгаар шинжлэн судалж, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хандана.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар