Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.
Хууль зүйн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтсон бөгөөд нэр дэвшигчээр С.Энхбаатар, М.Алтан-Очир нар материалаа ирүүлсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн бөгөөд Ажлын хэсгийн гишүүд хууль болон журамд заасан үүрэг, хориглолтыг биелүүлэх талаар баталгааг гаргаж Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өглөө. Мөн илтгэгч гишүүдийг томилсон бөгөөд илтгэгч гишүүн нь нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээллийг бүрдүүлж, тухайн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичиж, ажлын хэсэгт танилцуулах үүрэг хүлээж байна.
Нэр дэвшигчийн материалтай дараах холбоосоор орж танилцана уу.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг [email protected] хаягаар ирүүлэх болон 267155 дугаараар холбогдон ирүүлнэ үү.
Ажлын алба
2024.10.25